Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга гэж юу вэ?
Байгалийн баялгаас (ашигт малтмал, газрын тос, байгалийн хий) олж буй орлогыг олон нийтэд ил тод болгосноор түүнийг нийтийн сайн сайхны төлөө зөв захиран зарцуулахад нь оролцогч талуудын хариуцлагыг өндөржүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн тэгш оролцоо бүхий дэлхий нийтийн түншлэл юм.
2002 онд Их Британийн ерөнхий сайд асан Тони Блейр Өмнөд Африкийн Йоханнесбург хотноо НҮБ-ын ивээл дор зохиогдсон “Дэлхийн Тогтвортой Хөгжлийн дээд хэмжээний уулзалт”-ын индэрээс “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг” хэрэгжүүлэхийг олон улсад уриалснаар хэрэгжиж эхэлсэн юм.
Одоогоор байгалийн баялаг ихтэй дэлхийн 55 орон ОҮИТБС-ыг хэрэгжүүлэхээр нэгдэн орж, тэдгээрийн 53 улс нь ОҮИТБС-ын шаардлагыг хангаад байна. Дэлгэрэнгүйг www.eiti.org -оос үзнэ үү.
Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга юу хийдэг вэ?
Нэг талаас олборлох үйлдвэрлэл эрхлэгч компаниуд төлснөө тайлагнана, нөгөө талаас Засгийн газар тэдгээр компаниудаас хүлээн авсан орлогоо тайлагнана. Хоёр талаас ирүүлсэн тайланг олон улсын хөндлөнгийн аудитын байгууллага тулган баталгаажуулалт хийж, аудитаар баталгаажсан нэгдсэн тайлан гаргаж, түүнийг олон нийтэд ил тод болгоно.
Энэхүү үйл явцыг төр, компани, иргэний нийгмийн тэгш оролцоо бүхий олон талт оролцогчдын бүлэг удирдан явуулж, хянан зохицуулна.
ОҮИТБС хэрхэн ажилладаг вэ?
Олон улсын бага хурал: 2 жил тутам ОҮИТБС-ыг хэрэгжүүлэгч улс орнууд чуулж, асуудлуудыг нээлттэй хэлэлцэж, шийдвэр гаргадаг.
Олон улсын удирдах хороо: Хэрэгжүүлэгч улс орнуудын төр засгийн төлөөлөл, үндэстэн дамнасан олборлох үйлдвэрлэлийн томоохон корпорациуд, иргэний нийгмийн олон улсын сүлжээ нийгэмлэгүүдээс бүрдэх ба гишүүд нь 2 жилээр сонгогдоно. ОУУХ-ноос ОҮИТБС-д баримтлах үндсэн зарчим, хэрэгжүүлэгч орнуудын мөрдөх дүрэм, стандарт зэрэг суурь баримт бичгүүдийг боловсруулж, баталдаг. Түүнчлэн ОҮИТБС-д нэгдэн орох, шаардлагыг хангасан хэрэгжүүлэгч орноор хүлээн зөвшөөрөх зэрэг гишүүнчлэлтэй холбоотой шийдвэрүүдийг гаргадаг.
Баталгаажуулалтын хороо: Олон улсын удирдах хорооноос гаргасан баримт бичигт тулгуурлан ОҮИТБС-д нэгдэн орсон улс орнуудад стандартын дагуу хэрэгжүүлж буй эсэх дээр хөндлөнгийн үнэлгээ хийж, тухайн оронд чанарын хяналт тавидаг.
Олон улсын нарийн бичгийн дарга нарын газар: ОҮИТБС-ын хэрэгжилтийг хариуцах ба бүх шаардлагатай зохицуулалтуудыг хийж, гишүүн улс орнуудыг заавар, арга зүйгээр хангадаг.
ОҮИТБС-ыг хэрэгжүүлэгч орнуудын олон талт оролцогчдын бүлэг: Хэрэгжүүлэгч улс орнууд ОҮИТБС-ыг хэрэгжүүлэх, удирдан чиглүүлэх үүрэг бүхий төр, компани, иргэний нийгмээс бүрдсэн олон талт оролцогчдын бүлгийг байгуулдаг.
ОҮИТБС-ын тулгуур баримт бичиг гэж юу вэ?
Баримтын бичгийн нэр |
Батлагдсан огноо |
Тайлбар |
ОҮИТБС-ын үндсэн 12 зарчим | 2003 оны 6 сар | Лондонд болсон ОҮИТБС-ын анхдугаар бага хурлаар улс орнуудын төр засгийн төлөөлөл, компаниуд, иргэний нийгмийн байгууллагууд, хөрөнгө оруулагчид хамтдаа олборлох салбар дахь төлбөр, орлогуудын ил тод байдлыг хангахад баримтлах үндсэн зарчмыг хэлэлцэн зөвшөөрөв. |
ОҮИТБС-ын 7 стандарт | 2016 оны 2 сар |
2016 оны 2 дугаар сарын 23-24-ны өдрүүдэд Перус улсын Лима хотноо ОҮИТБС-ын Олон Улсын 7 дугаар бага хурал зохион байгуулагдаж, тус хурлын үеэр Олон улсын Удирдах хорооноос шинэчлэн найруулсан "Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын стандарт 2019"-г танилцуулав. Энэхүү стандарт нь олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын чиглэлээр олон улсад мөрдөгдөж буй тулгуур баримт бичиг юм. |
ОҮИТБС-ын Баталгаажуулалтын шалгуур үзүүлэлт |
Баталгаажуулалт нь ОҮИТБС-ын нэгэн чухал элемент бөгөөд санаачилгын статус болон олон улсын стандарттай салшгүй хамааралтай юм. Баталгаажуулалтын зорилго нь ОҮИТБС-ын хэрэгжилтэд гарсан ахиц дэвшилд бие даасан үнэлгээ хийлгэн тухайн үйл явцыг үр дүнтэйгээр сайжруулахад ямар арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатайг тогтоодог. Шалгуур үзүүлэлтийг эндээс, Монгол Улсын ОҮИТБС-ын баталгаажуулалтын тайланг эндээс , ОҮИТБС-ын Стандартыг эндээс татаж авна уу |