ОҮИТБС-ын ээлжит, олон улсын 7 дугаар бага хурал 2016 оны 2 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд Перу Улсын нийслэл Лима хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
Дэлхийн 70 гаруй орны зочид төлөөлөгчид энэ хуралд оролцож, ОҮИТБС-ыг хэрэгжүүлж байгаа ололт, амжилтаа танилцуулж, харилцан туршлагаа солилцож, цаашид хийх үйл ажиллагаануудаа зөвлөлдөж, тодорхойлсон байна.
Монгол Улсын Уул уурхайн сайд Р.Жигжид тэргүүтэй Монголын төлөөлөгчид энэ хуралд оролцож, манай улсад ОҮИТБС-ыг ямархуу түвшинд хэрэгжүүлж байгааг танилцуулж, үзэсгэлэн гаргаж, дэлхий дахинаа сурталчилсан юм.
Хурлын үеэр ОҮИТБС-ыг хэрэгжүүлэгч 51 орноос олсон ололт, амжилтыг үнэлэн 4 оронд ОҮИТБС-ын даргын нэрэмжит шагнал олгосны дотор Монгол Улс ОҮИТБС-ын хүрээнд мэдээллийн хангамж, хүртээмжийг бусад орнуудаас илүү сайжруулсны төлөө шагнагдсан байна. Мөн Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс бенефициар өмчлөгчдийн мэдээллийг ил тод болгох ажлыг тэргүүлсэн, Гана Улс ОҮИТБС-ын тайлангаар гарсан зөвлөмж бүрийг хэрэгжүүлж, ажил болгон, эдийн засгийн шинэчлэлдээ ашиглаж чадаж байгаа болон Филиппин Улсад ОҮИТБС-ын үр нөлөө өндөр байгаагийн төлөө ОҮИТБС-ын Даргын нэрэмжит Шагналуудыг олгосон байна.
Өмнө нь 2011 онд манай улс ОҮИТБС-ын тайлангаа тогтвортой сайжруулж чадаж байгаагийн төлөө мөн шагналыг хүртэж байсан түүхтэй юм. Ийнхүү Монгол улс одоогоор 5 жилийн дотор 2 удаа шагнал хүртсэн нь Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлсэн ОҮИТБС-ын Үндэсний зөвлөл, Ажлын хэсэг болон албаны олон жилийн тасралтгүй хөдөлмөрийн үр дүн билээ.
Уг хурлаас ОҮИТБС-ын Удирдах хороо, даргыг шинээр сонгон томилсон байна. ОҮИТБС-ын даргаар өмнө нь Швед Улсын Ерөнхий сайдаар 2006-2014 онд ажиллаж байсан ноён Фредрик Рейнфелдтийг сонгосон байна. ОҮИТБС-ын Удирдах Хороонд Монгол олон Ази, Номхон далайн хэрэгжүүлэгч орнуудын төлөөллөөр Уул уурхайн яамны эдийн засаг хөрөнгө оруулалтын газрын дарга Н.Энхбаяр сонгогдсон байна.
ОҮИТБС-ын энэ удаагийн хурлын гол анхааралд гаргасан тайлангуудын зөвлөмжүүдийг ажил болгоход хэрэгжүүлэгч орнууд үр дүнтэй ашиглах, олборлолт эрхэлж буй компаниудын бенефициар буюу жинхэнэ эздийн хувь эзэмшлийг 2020 оноос өмнөхөн ил тод болгох, ОҮИТБС-ын үндсийг Засгийн газрын өдөр тутмын салшгүй арга хэрэгсэл болгох, Засгийн газрын байгууллагууд, удирдах ажилтнууд, иргэдийг байнга оролцуулж байхыг бүх талууд анхаарч, хэрэгжүүлэхээр тогтсон байна.