2015 ОНЫ 1 САРЫН 1-НЭЭС МОНГОЛ УЛС ОҮИТБС-ЫН ТАЙЛАНГ ЦАХИМААР АВДАГ БОЛЛОО

2 сарын 02, 2021
281
2015 ОНЫ 1 САРЫН 1-НЭЭС МОНГОЛ УЛС ОҮИТБС-ЫН ТАЙЛАНГ ЦАХИМААР АВДАГ БОЛЛОО

Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлсэн Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга нь газрын тос, уул уурхай, ураны компаниудын улсын болон орон нутгийн төсөвт төлсөн татвар, төлбөрийг ОҮИТБС-ын 1, 2, 3 дугаар маягтаар, нөгөө талаас Засгийн газар тэдгээр компаниудаас хүлээн авсан орлогыг ОҮИТБС-ын 4, 5, 6, 7 дугаар маягтаар жил бүр тайланг хүлээн авч,  хоёр талаас ирүүлсэн тайланг дотоод гадаадын аудитын хамтарсан байгууллагаар тулган баталгаажуулж, ОҮИТБС-ын нэгтгэл тайлан гаргаж, олон нийтэд ил тод болгодог билээ.

2006 оноос хойш Монгол Улс нийт 7 удаагийн ОҮИТБС-ын тайланг жил бүр тасралтгүй гаргаж, энэ үйл ажиллагаанд бүх шатны төрийн байгууллагууд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд оролцож, Татварын ерөнхий газар Засгийн газрын тайланг нэгтгэн боловсруулж, Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн газар хянан баталгаажуулан хэвлэн нийтэлж ирлээ.

Тайланг цаасан маягтаар хүлээн авч байсан нь хугацаа алдах, энгийн алдаа гарах зэргээр тайлангийн чанарт сөргөөр нөлөөлж байсан тул тайлан хүлээн авах, тулган баталгаажуулах үйл ажиллагааг хөнгөвчлөх, дэвшилтэт технологи ашиглах, ОҮИТБС-ын тайлангийн мэдээллийн нэгдсэн сан бий болгох, мэдээллийн хүртээмжийг сайжруулах зорилгоор “Цахим тайлан”-ийн системийг боловсруулж дуусаад байна.

Энэхүү системийг ЕСБХБ-ны санхүүжилтээр Адам Смит Интернэйшнл зөвлөх компанийн дэмжлэгтэйгээр үндэсний Интерактив ХХК-тай хамтран хийж гүйцэтгэлээ.

ОҮИТБС-ын цахим системийн онцлог, давуу тал нь:

  • Тайлагнагч төрийн байгууллага болон компаниудын ажлыг хөнгөвчлөж, цаг хэмнэж, үргүй зардлыг багасгана
  • Цаасаар хүлээн авсан тайланг дахин шивж оруулахад гарч болзошгүй техник алдааг багасгана
  • Аудитын тулган баталгажуулалтын үеэр нэмэлт тайлбар, материал гаргаж өгөх ажлыг багасгана
  • Мэдээллийн нэгдсэн сан бий болж, төрөл бүрийн статистик мэдээг автоматаар боловсруулна
  • Боловсруулсан мэдээллийг иргэд, судлаачид нээлттэй ашиглах боломж бүрдэнэ
  • Тусгай зөвшөөрлийг google map-тэй холбож өгсөн нь олон нийт газрын зураг дээр тухайн компанийн тусгай зөвшөөрлийг хамрах хүрээг харах боломжтой болсон
  • Системийг боловсруулахдаа нээлттэй эхийн лиценз бүхий технологийг ашигласан бөгөөд англи, монгол 2 хэлээр ашиглах боломжтой.
  • Энэхүү системийг ОҮИТБС-ыг хэрэгжүүлж өөр бусад орны онцлогт тохируулан өөрчилж нэвтрүүлэх бүрэн бололцоотой.

Энд дарж Цахим тайлангийн системд хандана уу: http://e-reporting.eitimongolia.mn

Монголын ОҮИТБС-ын ажлын алба

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд eitimongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Холбоотой мэдээлэл

Харилцагч түншүүд