ОҮИТБС ЗААМАР СУМАНД

2 сарын 02, 2021
286
ОҮИТБС ЗААМАР СУМАНД

Монголын Алт үйлдвэрлэгчдийн холбоо, ОҮИТБС-ын ажлын алба хамтран Төв аймгийн Заамар сумын Хайлааст багт 2014 оны 5 дугаар сарын 8-ны өдөр ОҮИТБС-ын зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. ОҮИТБС-ын хэрэгжилтийг орон нутагт хангах, Төв аймгийн Заамар суманд тусгай зөвшөөрөл эзэмшигч, алт үйлдвэрлэгч компаниудын тайланг иргэдэд нээлттэй мэдээлэх, ОҮИТБС-ыг орон нутагт үр дүнтэй хэрэгжүүлэхэд орон нутгийн засаг захиргаа, компани, иргэд хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцэх, талууд нэгдсэн ойлголтод хүрэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх, сумын салбар зөвлөл байгуулахад уг арга хэмжээний зорилго оршиж байв. 

Ашигт малтмалын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Алт үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын байгаль орчны иргэний зөвлөл, ОҮИТБС-ын ажлын албаны зохицуулагч, мэдээлэл, харилцааны мэргэжилтэн, Ийгл ТВ-ийн сэтгүүлч, зураглаач бүхий 8 хүний бүрэлдэхүүнтэй баг төвөөс оролцов. 

Төв аймгийг төлөөлж аймгийн ОҮИТБС-ын дэд зөвлөлийн гишүүн, аймгийн МХГ-ын хэлтсийн дарга А.Мөнхтулга, БОГ-ын мэргэжилтэн Ж.Даш-яйчил, дэд зөвлөлийн нарийн бичгийн дарга/Хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Б.Мөнгөнзул, Заамар сумыг төлөөлж засаг дарга Д.Болормаа, ИТХ-ын дарга Б.Нямдорж, ИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгчид, ЗДТГ-ын мэргэжилтнүүд нутгийн удирдлагыг төлөөлөн оролцов. Түүнчлэн хурал зохион байгуулж буй Хайлааст багийн засаг дарга А.Ганцэцэг, багийн иргэдийн төлөөллийн хамт оролцов. 

Олборлолтын үйл ажиллагаа явагдаж буй анхан шатны нэгж болох Хайлааст багт уулзалтыг зохион байгуулсан нь компаниудын идэвх, оролцоо хангалттай сайн байлаа. Тухайлбал, Алтандорнод майнинг сервис ХХК, Мондулаан трейд ХХК, Эс Би Эф ХХК, Улз гол ХХК, Уулс заамар ХХК, Жотойн бажууна ХХК гэх зэрэг томоохон компаниудын удирдлага, ажилтнуудаас гадна зарим ханган нийлүүлэгчид, оператор компаниудын төлөөлөл бүхий нийт 24 хүн оролцсон нь нийт оролцогчдын бараг талыг бүрдүүлсэн байна. Уулзалтад нийт 51 хүн оролцов. 

Компаниудыг төлөөлж Алт үйлдвэрлэгчдийн холбоо, Мондулаан трейд ХХК, Алтандорнод майнинг сервис ХХК-иудын холбогдох албан тушаалтнууд сум, орон нутагт хийсэн бүтээн байгуулалтын ажлуудаа танилцуулав. Тэд оролцогч нарт АМтХуулийн 42,1 заалтын дагуу аж ахуйн нэгжүүд сум, орон нутгийн удирдлагатай нийгмийн хариуцлагын гэрээний хүрээнд хийсэн ажлууд, гэрээний биелэлтийг дүгнэсэн хуудсыг хуулбарлан тараасан байв. 

Гэрээний хүрээнд хийсэн томоохон ажлуудаас дурьдвал:

  • Алтандорнод монгол ХХК – 120 хүүхдийн цэцэрлэгийн барилгын их засвар, ЗДТГ-ын урсгал засвар, тоног төхөөрөмж, Халзан бумбатын давааны зам засвар
  • Мондулаан трейд ХХК – Усан сан, хийдийн засвар, шилдэг үүдрийн 10 хуц, 5 толгой бух
  • Асгат эрдэнэ ХХК – сүүний үйлдвэрийн 10*15 хэмжээтэй барилга
  • Нью перл ХХК – 130,000 ам.долларын сүү боловсруулах үйлдвэрийн тоногтөхөөрөмж
  • Заамар сумын 90 жилийн ойд зориулж 66,9 сая төгрөгийг Алтан заамар санд бэлнээр, бэлэн бус хандив дэмжлэг /үнийн дүн байхгүй/
  • 65 оюутны сургалтын төлбөрт 52,8 сая төгрөг
  • 870м3 талбайд зүлэгжүүлэлт, нөхөн сэргээлт
  • 109,040 ширхэг мод тарьсан байна.

Төр засгийг төлөөлж Заамар сумын Засаг дарга Д.Болормаа 2013 онд компаниудаас хүлээн авсан хандив, дэмжлэг, зарцуулалтын талаар тайлагнав.

Иргэдийг төлөөлж Хайлааст багийн иргэн, сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Батбилэг, багийн Засаг дарга А.Ганцэцэг, Заамар сумын ИТХ-ын дарга Б.Нямдорж нар санал сэтгэгдлээ хуваалцав. Тэд “Монгол орон зах зээлийн эдийн засагт шилжиж, лангуун дээр давснаас өөр зүйлгүй болсон хүнд хэцүү үед Заамар сум жилдээ 20 гаруй тн алт олборлож улсын төсөвтөө их хэмжээний татвар, төлбөр төвлөрүүлж, эрдэнэсийн санд алт тушааж, эдийн засагтаа тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулж байсан. Гэвч өнөөдөр та бүхэн Заамар сумын хөгжил ямар байгааг харж байгаа байх. Байгалийн баялгаа хэрхэн ард иргэддээ өгөөжтэй, наалдацтай хөгжил болгох вэ гэдгийг хамтаар хэлэлцэж, зөв шийдэлд хүрэхэд ОҮИТБС их чухал үүрэг оролцоотой юм байна гэдгийг ойлголоо. Цаашид бид Заамар сум жишиг сум болж хөгжих ёстой гэж харж байгаа.” гэв.

Ийнхүү хагас өдөр компанийн төлсөн болон орон нутгийн засаг захиргаа хүлээн авсан тайланг нээлттэй хэлэлцэж, өдрийн сүүлийн хагас Заамар суманд ОҮИТБС-ын салбар зөвлөлийг нутгийн удирдлага, компани, иргэний нийгэм, иргэдийн тэнцүү оролцоотойгоор байгуулж, цаашид уул уурхайгаас бий болж буй орлого, түүнийг хэрхэн захиран зарцуулж байна вэ гэдгийг тогтмол хэлэлцэж, баялгийг хөгжил болгоход өөрсдийн хувь нэмрээ оруулахаа Заамар нутгийн удирдлага, иргэд, компаниуд илэрхийллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд eitimongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Холбоотой мэдээлэл

Харилцагч түншүүд