Орон нутаг дахь ОҮИТБС-ын дэд зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, тогтмолжуулах, зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга нарт үйл ажиллагааг төлөвлөн, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, чадавхи бэхжүүлэх зорилгын хүрээнд ОҮИТБС-ын ажлын алба “Үр дүнд чиглэсэн дэд зөвлөлийн үйл ажиллагаа” сэдэвт олон талт оролцогчдын зөвлөгөөнийг 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
Зөвлөгөөнд 21 аймаг, нийслэлийн дэд зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга нарыг оролцуулахаар төлөвлөж, урилга хүргүүлснээс 19 аймгийн 40 төлөөлөгч оролцлоо. Мөн ОҮИТБС-ын ажлын хэсгийн зарим гишүүд, олборлох үйлдвэрлэлийн компаниуд, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн ТАН эвсэл, төрийн захиргааны төв байгууллагыг төлөөлж Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын Зарлагын хэлтсийн мэргэжилтэн н.Санжаадорж, Татварын ерөнхий газрын ТУБ Д.Энхтуяа, Газрын тосны газрын хэлтсийн дарга Б.Оюун зэрэг нийт 65 төлөөлөгчид оролцлоо. Говь-Алтай аймаг орон нутаг дахь цаг агаарын онцгой нөхцөл байдлын улмаас оролцож чадахгүй болсноо урьдчилан мэдэгдэж, Орхон аймгаас төлөөлөл ирж оролцсонгүй.
Орон нутгаас оролцсон нийт 40 төлөөлөгчдийн 9 нь аймгийн Засаг даргын орлогч буюу дэд зөвлөлийн дарга, 13 нь аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтэс эсхүл Байгаль орчны газрын дарга, ахлах мэргэжилтнүүд буюу дэд зөвлөлийн гишүүд, 18 нь уул уурхайн асуудал хариуцсан газар, хэлтсийн мэргэжилтнүүд буюу дэд зөвлөлийн нарийн бичгийн дарга нар байв.
Зөвлөгөөнөөр ОҮИТБС-ыг орон нутагт хэрэгжүүлэх үүрэг бүхий дэд зөвлөлийг үйл ажиллагааг хэрхэн оновчтой, үр дүнтэй төлөвлөж, хэрэгжүүлэх, үйл ажиллагааг бусад хөтөлбөрүүдтэй хэрхэн уялдуулах, санхүүжилтын асуудлыг оновчтой замаар аль болох одоогийн нөөц бололцоонд тулгуурлан шийдвэрлэх зэрэг олон асуудлыг хэлэлцэж, туршлага солилцлоо.