ОҮИТБС-ЫН ТАЙЛАН ГАРГАХ ГАРЫН АВЛАГА, СУРГАЛТЫН МАТЕРИАЛ

2 сарын 02, 2021
370
ОҮИТБС-ЫН ТАЙЛАН ГАРГАХ ГАРЫН АВЛАГА, СУРГАЛТЫН МАТЕРИАЛ

ОҮИТБС-ын ажлын төлөвлөгөөний дагуу жил бүрийн эхэнд ОҮИТБС-ын тайлан гаргах цаг хугацаатай уялдуулж компаниудад сургалт зохион байгуулдаг. 2014 онд 100 компанид сургалт зохион байгуулахаар төлөвлөж, 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Засгийн газрын 11-р байрны дугуй танхимд "2014 онд ОҮИТБС-ын тайлангаа чанартай гаргацгаая" сэдэвт онол, практик хосолсон сургалт зохион байгууллаа.
 
Сургалтанд нийт 78 оролцогч оролцсоноос 66 нь олборлох үйлдвэрлэлийн компанийн нягтлан бодогчид байв. Сургалтын зорилго нь өнгөрсөн жилийн аудитын нэгтгэлд хамрагдсан компаниудад аудитын нэгтгэлийн ажлын үр дүн, гол алдаанууд, анхаарах асуудлуудыг танилцуулж энэ жил тайлангаа чанартай гаргах, алдаагаа дахин давтахгүй байх, ОҮИТБС-ын тайлангийн чанар, аудитын үйл явцыг хөнгөвчлөхөд оршиж байв.

Сургалтын зорилго: “Компаниудын ОҮИТБС-ын тайлан, Монголын ОҮИТБС-ын жилийн нэгтгэл тайлангийн чанарыг сайжруулах, тулгарч буй бэрхшээлийг багасгахад хамтран ажиллах”

Дэд зорилтууд:

  1. ОҮИТБС-ын тайлан гаргахад анхаарах асуудлуудыг танилцуулах, татвар, төлбөр, хандивыг буруу ангилхаас сэргийлэх, бүртгэлтэй холбоотой алдааг багасгах
  2. Нэгтгэлийн явцад аудитортой харилцах, тайлбар өгөх, ОҮИТБС-ын ач холбогдлыг ойлгуулах, нэгтгэлийн ажлын хугацааг баримтлахад нягтлан бодогч нарын анхаарах асуудлуудыг танилцуулах
  3. ОҮИТБС-ын тайланд зориулж тусгай журнал хөтөлдөг Бороо гоулд ХХК-ийн туршлагыг сурталчилах, бусад компаниудад үлгэр болгох
  4. 2012 оны нэгтгэлийн тайланд аудит хийсэн Далайван аудит ХХК-ийн төлөөлөл өнгөрсөн жил гарсан зөрүүнүүд, цаашид анхаарах асуудлуудыг танилцуулах
  5. Сургалтад зориулсан танилцуулга, компаниудын асуулт, хариулт, саналыг нэгтгэн гарын авлага бэлтгэн сургалтанд ирээгүй, хамрагдаагүй болон бусад компаниудад хүргүүлэх, цахим хуудсанд байршуулах

Үр дүн:

  1. 2013 оны Монголын ОҮИТБС-ын нэгтгэл тайлангийн чанар сайжирсан байна.
  2. Жил бүрийн нэгтгэл тайлангаар нотлогддог нягтлан бодох бүртгэлийн алдаа багасна.
  3. Компаниудын нягтлан бодогч нарт бүртгэлээ үнэн зөв, чанартай хийхэд төрийн байгуулагуудын төлөөллөөс шинэ мэдээлэл олж авах, томоохон компаниудын сайн туршлагаас суралцах боломж нээгдэнэ.

Зорилгодоо уялдуулж сургалтын хөтөлбөрийг өмнөх жилүүдийнхээс агуулгын хувьд өөрөөр буюу онол, практик хослуулсан байхаар төлөвлөв. Ингэхдээ нягтлан бодогч нарт тулгардаг асуудлуудыг тодорхой болгохын тулд Татварын ерөнхий газраас татварын ангилал, анхаарах асуудлууд, Ашигт малтмалын газраас тусгай зөвшөөрөл, үйлдвэрлэл, борлуулалтын хэсгийг бөглөхөд анхаарах асуудлууд, Сангийн яамнаас аудитын нэгтгэлээр жил бүр зөрүү үүсгэдэг мөнгөн ба мөнгөн бус хандив, дэмжлэгийн бүртгэлийн асуудлууд, 2012 оны нэгтгэл тайланд аудит хийсэн Далайван аудит ХХК-иас аудитын явцад компаниудын оролцсон байдал, цаашид анхаарах асуудлууд сэдвээр танилцуулга бэлтгэж оролцохыг урив. Түүнчлэн Бороо гоулд ХХК нь 2012 оны аудитын нэгтгэлээр хамгийн идэвхтэй оролцсон, ОҮИТБС-ын тайланд зориулж тусгай бүртгэл, журнал хөтөлдөг зэрэг бусад компаниудад үлгэр болохуйц туршлагатай байсан тул тус компанийг сургалтанд урьж оролцуулав.
 
Сургалтанд зориулж бэлтгэсэн илтгэл, танилцуулгууд, сургалтын үеэр оролцогчидоос асуусан асуулт, хариулт саналыг нэгтгэн ОҮИТБС-ын ажлын албанаас гарын авлага бэлтгэн, сургалтанд ирээгүй, бүртгүүлээгүй, 2013 оны аудитын нэгтгэлд хамрагдах компаниудад хүргүүлэх, нийтэд зориулж цахим хуудсандаа байршуулах арга хэмжээ авав.
 
Сургалтын төгсгөлд 44 оролцогчдоос үр дүн, сургалттай холбоотой цаашид анхаарах асуудлуудын талаар санал асуулга авахад:

  1. Хөтөлбөрийн аль хэсэг илүү чухал мэдээллийг агуулж байсан бэ? гэсэн асуултанд нийт оролцогчдын /давхардсан тоогоор/
    1. 34% нь Сангийн яамны мөнгөн ба мөнгөн бус хандив, дэмжлэгийн бүртгэлийн асуудлууд
    2. 21% нь Бороо гоулд ХХК-ийн практик туршлага
    3. 14% нь Далайван аудитын байгууллагын зөвлөмж
    4. 13% нь Татварын ерөнхий газрын татварын ангилал, анхаарах асуудлууд
    5. 8% нь хөтөлбөр бүхэлдээ
    6. 5% нь ОҮИТБС-ын танилцуулга
    7. 4% нь Ашигт малтмалын газрын тусгай зөвшөөрөл, үйлдвэрлэл, борлуулалтын хэсгийг бөглөхөд анхаарах асуудлууд гэж хариулсан байна.
  2. Сургалттай холбоотой таны санал гэсэн асуултанд нийт оролцогчдын /давхардсан тоогоор/
    1. 77% нь сургалт үр дүнтэй, өгөөжтэй, хэрэгтэй мэдээлэл агуулсан, сонирхолтой, дараа дахин ийм төрлийн сургалт зохион байгуулах
    2. 7% нь санал байхгүй
    3. 5% нь илүү олон компани хамруулах
    4. 5% нь татвартай холбоотой мэдээллийг илүү дэлгэрүүлэх
    5. 2% нь компанийн удирдлагуудад зориулж сургалт хийх
    6. 2% нь ОҮИТБС-ын шинэ стандартыг дэлгэрүүлэх
    7. 2% нь тайлангийн хугацаа их шахуу байдаг тул анхаарах гэж хариулсан байна.
  3. Дараах 3 асуултыг асуусан байна.
    1. НДШ-г ажил олгогчоос төлсөн дүнгээр үү? эсвэл нийт дүнгээр тайлагнах уу?
    2. АМГ-ын 3 сарын 31-ны дотор хүлээн авч байгаа тайлан гэсэн нь ямар тайлан бэ?
    3. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртөг нь заавал санхүүгийн тайлантай таарах уу?

Санал асуулгын хуудсын үр дүн, компаниудын оролцсон байдлаас дүгнэхэд ОҮИТБС-ын тайлан гаргахад анхаарах асуудлуудаар үлгэр жишээ компаниудын туршлагаас суралцах, албаны хүмүүсээс мэдээлэл авах, жил бүрийн аудитын нэгтгэл хийдэг аудитын байгууллагаас өнгөрсөн жилийн үр дүн, гарсан алдаа, анхаарах асуудлуудын талаар мэдээлэх авах зэрэг нь илүү үр дүнтэй, хэрэгцээтэй байдаг нь ажиглагдлаа.
 
Цаашид ийм төрлийн сургалтыг аудитын өмнөх, дараах гэсэн байдлаар урьдчилж бэлтгэн уламжлал болгон зохион байгуулах нь нэгтгэлийн ажлын чанарыг сайжруулах, уул уурхайн салбарын нягтлан бодох бүртгэлийг чанаржуулах, аудитын явцыг хөнгөвчлөхөд тус дөхөм болохоор байна.

Сургалтын үеэр танилцуулсан илтгэлүүд, гарын авлагыг доороос татаж авна уу.

File ОҮИТБС-ын хэрэгжилт, шинэ хандлага - Ажлын албаны зохицуулагч Ш.Цолмон

Office presentation icon ОҮИТБС-ын компаниудын оролцоо, ач холбогдол - МУУҮА Б.Батбилэг

File ОҮИТБС-ын иргэний нийгмийн оролцоо, ач холбогдол - ТАН эвсэл

File Тайлангийн маягт, 2012 оны аудитын нэгтгэл тайлангийн онцлох тоо мэдээ - Ажлын албаны харилцааны мэргэжилтэн Б.Дэлгэрмаа

File Татвар, төлбөрийн ангиллууд, тайлан гаргахад анхаарах асуудлууд - ТЕГ Д.Энхтуяа

File Мөнгөн ба мөнгөн бус хандив, дэмжлэгийн бүртгэлийн асуудлууд - Сангийн яам НББГ Дариймаа

File 2012 оны аудитын нэгтгэлд компаниудын оролцсон байдал, анхаарах асуудлууд - Далайван аудит ХХК-ийн ахлах аудитор Б.Гантулга

PDF icon Сургалтын дараах гарын авлага - Ажлын алба

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд eitimongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Холбоотой мэдээлэл

Харилцагч түншүүд