ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН 11-Р ХУРАЛДААН БОЛЛОО

2 сарын 02, 2021
273
ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН 11-Р ХУРАЛДААН БОЛЛОО

Монголын ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлийн 11 дүгээр хуралдаан 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Төрийн ордны "А" танхимд зохион байгуулагдлаа. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, Монгол Улсын ОҮИТБС-ын 2012 оны нэгтгэл тайлан болон бусад асуудлуудтай танилцаж, үүрэг даалгавар өгөв.

Тэрээр "Шинэчлэлийн Засгийн газрын барьж буй гол бодлого бол нээлттэй, ил тод байдал юм. Та бүхэн өөрсдийн чиглэлээр буюу уул уурхайн чиглэлээр илүү сайн анхаарал тавьж ажиллаарай. Би тайлантай танилцаж байхад тодорхой хэмжээний ажлууд хийгдсэн байна, гэхдээ бас л болоогүй байна. Цаашдаа яах ёстой юм гэдгээ ил тод ярилцах хэрэгтэй.” гэж онцлов.

ОҮИТБС нь байгалийн баялгаас (ашигт малтмал, газрын тос, уран) бий болж буй орлогын ил тод байдлыг хангах замаар сайн засаглалыг бэхжүүлэх, орлогын зохистой менежментийг хөгжүүлэхийн төлөө ажиллаж, уул уурхай, газрын тос, ураны компаниудын улсын болон орон нутгийн төсөвт төлсөн татвар, төлбөрийг, тэдгээр компаниудаас Засгийн газрын хүлээн авсан орлогыг нэгтгэн хөндлөнгийн аудитаар баталгаажуулдаг юм. Монгол Улсын нэгтгэл тайланг 2007 оноос жил бүр гаргаж, одоо 7 дахь тайлангаа гаргаад байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын удирдсан ОҮИТБС-ын Үндэсний зөвлөл нь нийт 30 гишүүнтэй, төр, компани, иргэний нийгмийн тэнцүү төлөөлөлтэй, удирдах дээд байгууллага юм. Түүний дор Ерөнхий сайдын ахлах зөвлөх удирдсан Ажлын хэсэг байх бөгөөд нийт 33 гишүүнтэй, 3 талын тэнцүү төлөөлөлтэй, өдөр тутмын хэрэгжилтийг Ажлын алба гүйцэтгэж байна.

11 дүгээр хуралдаанаар Монголын “Далайван аудит”, Их Британийн “Муур Стефенс” компаниудын консерцум боловсруулсан Монгол Улсын ОҮИТБС-ын 2012 оны нэгтгэл тайлан, Монголын ОҮИТБС-ын ажлын албаны 2013 оны тайлан, 2014 оны ажлын төлөвлөгөөний төсөл болон аймаг, нийслэл, сум дүүрэгт ажиллах ОҮИТБС-ын дэд зөвлөлийн ажиллах дүрмийн төслийг хэлэлцэж, шаардлагатай шийдвэр, зөвлөмжийг гаргав. Хуралдаан ажил хэрэгч, шинийг эрэлхийлсэн уур амьсгалд өрнөж, амжилттай зохион байгуулагдсан байна.

Монгол Улсын ОҮИТБС-ын 2012 оны нэгтгэл тайлангийн хувьд 2012 оны ОҮИТБС-ын тайлангаа ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч 1514 компани, газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ бүхий 11 компани, цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч 6 компани нийт 1531 компани гаргаж, Засгийн газар 1829 компаниас хүлээн авсан орлогоор тайлангаа гаргасан юм. Нэгтгэл тайланд 40 сая төгрөгөөс дээш татвар, төлбөр төлсөн 200 компанийн тайланг хамруулан, нэгтгэхэд 2012 оны улсын төсөвт 1 их наяд 594 тэрбум төгрөгийн татвар, төлбөр төлснийг нотолсон буюу энэ нь урсгал орлогын 33 хувийг бүрдүүлж байжээ. Татварын нэр төрлөөр нь үзэхэд нэгтгэгдсэн дүнгийн 32%-ийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон нэмэлт төлбөр, 13,75%-ийг НӨАТ, 12,07%-ийг ААНОАТ тус тус бүрдүүлжээ. Аудитаар баталгаажсан компаниудын төлсөн төлбөрийн нийт дүнгийн 93% нь улсын төсөвт, 6% нь орон нутгийн төсөвт, 1% нь төр засгийн байгууллагуудад хандив, дэмжлэгийн орлогыг бүрдүүлсэн байна. Орон нутагт төлөгдсөн нийт 73 тэрбум 848 сая төгрөгийн 67% нь Өмнөговь аймагт, 14% нь Орхон аймагт, 9% нь Булган аймагт тус тус төвлөрсөн байна. Төрийн байгууллагуудад өгсөн 14,518,876 мянган төгрөгийн хандив тусламжийн 39%-ийг (5,6 тэрбум төг) Эрүүл мэндийн яам, 27%-ийг (3,8 тэрбум төг) Өмнөговь аймаг, 8%-ийг (1,1 тэрбум төг) Ховд аймаг, 8%-ийг (1,1 тэрбум төг) Сэлэнгэ аймаг дангаар хүлээн авсан байх ба үлдэх 20%-ийг (2,7 тэрбум төг) бусад аймаг, төрийн байгууллагууд хүлээн авсан байна.

Засгийн газрын хүлээн авсан дүн, компанийн төлсөн дүнг тулган шалгахад 2012 онд 360,9 сая төгрөгийн тайлбарлагдаагүй цэвэр зөрүү үүссэн бөгөөд зөрүү бүрийн шалтгааныг нэгтгэлийн тайланд тодорхой дурьдсан байна. Үндэсний зөвлөл нэгтгэл тайланг баталж, зөрүүтэй холбогдох компани, төрийн байгууллагууд зөрүүний тайлбараа 2014 оны 1 дүгээр сарын 31-ний дотор нийтэд мэдээлэх нь зүйтэй гэж онцолжээ.

Монгол Улсад 2012 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар ашигт малтмалын 1823 тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж бүртгэгдсэнээс ОҮИТБС-ын 2012 оны тайлангаа гаргаагүй 323 аж ахуйн нэгжийн нэрсийн жагсаалтыг Ашигт малтмалын газраас Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлж, хуулийн зохих хариуцлага тооцохыг уламжилсан байна.

Монголын ОҮИТБС-ын ажлын албаны 2013 оны ажлын төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэж хангалттай гэж дүгнэв. 2013 онд ОҮИТБС-ын талаар 1000 гаруй хүнд сургалт сурталчилгааг Улаанбаатар, Дархан-уул, Ховд, Говь-Алтай, Хэнтийд зохион байгуулж, 25 сургагч багштай болж, 20 гаруй хэвлэл мэдээллийн ажилтнуудыг сургасан байна. Сургалтын үр дүнд тайлан гаргах компанийн тоо эрс нэмэгдэж, 400 гаруйгаас 1500 болсон байна. Компани, төр засгийн байгууллагын удирдах ажилтнуудын хариуцлага нэмэгдэж, 1800 гаруй компаниас хүлээн авсан орлогоор тайлангаа гаргасан байна.

2013 оны 5 дугаар сард Австралийн Сиднейд зохиогдсон олон улсын ээлжит бага хурлаас ОҮИТБС-ыг шинэчилж, дан ганц орлого төлбөрийн ил тод байдал гэлгүйгээр нэмэлт шаардлагуудыг хэрэгжүүлэгч орнуудад тавьж, үр дүнг 2015 онд үнэлж, дүгнэхээр тогтсон юм. ОҮИТБС-д тусгай зөвшөөрөл, гэрээний ил тод байдал, олборлох үйлдвэрлэлийн хувь нэмэр, хөрөнгө оруулалт, хайгуул, төсөл, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид, улсын төсвийн зарцуулалт, орон нутгийн шилжүүлгийг бүхэлд нь хамруулж, хууль эрхзүйн орчныг нь тодорхой болгохыг шаардсан байна. Монголын ОҮИТБС-ын 2014 оны ажлын төлөвлөгөөний гол анхаарал нь хүрсэн түвшингээ бататган бэхжүүлж, олон улсын шинэ шаардлагуудыг нэвтрүүлэхэд оршиж байна. Мөн ОҮИТБС-ын удаа дараагийн нэгтгэл тайлангуудаар гараад байгаа зөвлөмжүүдийг зэрэгцүүлэн судлахад анхаарч, цаашид бодлого боловсруулж, шийдвэр гаргахад ашигладаг хэрэгсэл болгохын төлөө ажиллана. 

2013 онд ОҮИТБС-ын аймаг, нийслэлийн дэд зөвлөлийг шинээр зохион байгуулж, 16 аймаг, нийслэлд дэд зөвлөлийг байгуулаад байна. Холбогдох судалгаа, шинжилгээ зохион байгуулж, гарсан дүнгээр нэгэнт байгуулагдаад байгаа дэд зөвлөлийн үйл ажиллагааг 2014 онд сэргээх, идэвхжүүлэх, боломжтой бол уул уурхай бүхий 103 суманд ч хүртэл салбаруудыг байгуулж, орон нутаг, иргэдэд ил тод байдлын мэдээллийг зайлшгүй хүргэх болоод байна. Иймд эдгээр шаардлагыг хэрэгжүүлэх үндсэн нэгж салбар дэд зөвлөлийг ажиллуулах журмыг хэлэлцэж, аймаг нийслэлийн Засаг дарга нарт зөвлөмж болгохоор тогтжээ. Зөвлөмжийг шаардлагатай хууль гартал мөрдөж, өөрийн нөөц бололцоонд тулгуурлан ажиллах чиглэлийг Үндэсний зөвлөлөөс өгсөн байна.

Доорхи холбоосууд дээр дарж холбогдох материалуудыг татан авна уу.

PDF icon Үндэсний зөвлөлийн хуралдааны тойм

PDF icon 2012 оны нэгтгэл тайлан

PDF icon 2013 оны төлөвлөгөөний биелэлт

PDF icon 2014 оны төлөвлөгөө

PDF icon ОҮИТБС-ыг орон нутагт хэрэгжүүлэх дэд зөвлөлийн дүрмийн зөвлөмж

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд eitimongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Холбоотой мэдээлэл

Харилцагч түншүүд