ОҮИТБС-ЫН ДЭД ЗӨВЛӨЛ БА ИРГЭНИЙ НИЙГМИЙН ОРОЛЦОО СЕМИНАР

2 сарын 02, 2021
331
ОҮИТБС-ЫН ДЭД ЗӨВЛӨЛ БА ИРГЭНИЙ НИЙГМИЙН ОРОЛЦОО СЕМИНАР

ОҮИТБС-ын ажлын албанаас 2013 оны 7 дугаар сарын 4-ний өдөр 11 аймгийн ОҮИТБС-ын дэд зөвлөлд зориулж "ОҮИТБС-ын дэд зөвлөл ба иргэний нийгмийн оролцоо" сэдэвт семинарыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.

Уг семинарт Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Дундговь, Орхон, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Ховд аймгуудын Засаг даргын орлогч, уул уурхай, байгаль орчны асуудал эрхэлсэн газрын дарга, мэргэжилтнүүд, орон нутагт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн орон нутгийн 30 гаруй төлөөлөгчид, Улаанбаатарын 10 гаруй ИНБ-ын төлөөлөгчид оролцов.

Семинарын зорилго нь Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг орон нутагт хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээлийг орон нутгийн удирдлага, иргэдийн оролцоотой хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох, Засгийн газрын 222-р тогтоолоор аймаг, орон нутагт шинээр байгуулагдаад буй ОҮИТБС-ын дэд зөвлөлийн үйл ажиллагааг тогтмолжуулж, идэвхжүүлэхэд чиглэсэн ОҮИТБС-ын дэд зөвлөлийн ажиллах журмын төслийг хэлэлцэж, санал авах явдал байв.

Хэлэлцүүлгийн үеэр орон нутгийн төлөөлөгчид ОҮИТБС-ыг орон нутагт хэрэгжүүлэхэд дэд зөвлөл чухал үүрэгтэйг онцлоод, дэд зөвлөлийг тогтвортой ажиллуулахад хууль эрх зүйн орчин, санхүүжилтыг тодорхой болгох, ОҮИТБС-ын үйл ажиллагааг аймгийн түвшинд бус сум, багийн түвшинд идэвхжүүлэх, иргэний танхим, багийн иргэдийн нийтийн хурал зэрэг иргэнд хамгийн хүртээмжтэй хүрэх механизмд түшиглэн үйл ажиллагаагаа явуулах зэрэг бодитой, үнэт санал зөвлөмжүүдийг гаргаж байв.

Семинарын төгсгөлд гарсан санал зөвлөмжүүдийг ОҮИТБС-ын дэд зөвлөлийн ажиллах журмын төсөлд тусган ОҮИТБС-ын ажлын хэсгийн хурлаар хэлэлцүүлэн, батлуулах, аймаг, орон нутагт хүргүүлэх, ОҮИТБС-ын бүсийн семинаруудыг 8, 9, 10 дугаар сард зохион байгуулах, орон нутгаас 5 сургагч багшийг бэлтгэхээр тохиролцож, ОҮИТБС-ыг орон нутагт хэрэгжүүлэхэд төр-хувийн хэвшил-иргэний тэгш оролцоог хангаж ажиллахаа оролцогч талууд илэрхийлж байв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд eitimongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Холбоотой мэдээлэл

Харилцагч түншүүд