Монгол Улсад Дэлхийн байгаль орчны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Уул уурхайн яам, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-ын Ажлын алба хамтран Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр Адам Смит хүрээлэнгийн төслийн багаас бэлтгэсэн “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай” хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2013 оны 6 дугаар сарын 4-ны өдөр Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Их хурлын гишүүн, Уул уурхайн сайд, ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлийн орлогч дарга Д.Ганхуяг, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Аким Штайнер нар оролцогчдод хандан үг хэлж, Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу, Уул уурхайн бодлогын хэлтсийн дарга Б.Нэргүй, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Брэнда Коэккоэк, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбат, ОҮИТБС-ын ажлын албаны зохицуулагч Ш.Цолмон нар илтгэл тавив. Дараа нь “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай” хуулийн төслийг Адам Смит хүрээлэнгийн захирал Жонатан Пэлл, хуулийн зөвлөх Р.Батрагчаа нар танилцуулснаар хуулийн төслийн хэлэлцүүлэг өрнөв.
Хэлэлцүүлэгт төр засаг, компани, иргэний нийгмийн 100 гаруй төлөөлөгчид оролцож, үнэтэй санал, зөвлөмжүүдийг өгч байв. Гарсан санал зөвлөмжийг хуулийн төсөлд тусгах, хуулийн төслийг эцэслэн боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Уул уурхайн яамны дэргэд байгуулан ажиллаж байна.
"Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай" хуулийн төслийг доороос татаж авна уу. Хуулийн төсөлтэй холбоотой санал, шүүмжээ доорхи хаягаар хүргүүлнэ үү.
Цахим шуудан: law@eitimongolia.mn
Утас: 70110525, 99040149
Факс: 70110155
Шуудан: Монголын ОҮИТБС-ын ажлын алба
УБ хот, СБД-14200, Амарын гудамж,
Туушин ХХК-ийн байр, 303 тоот өрөө
ш/х, 210620а
Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хуулийн төсөл