ОҮИТБС-ын Олон улсын бага хурал нь ОҮИТБС-ын удирдах дээд байгууллага бөгөөд 2 жил тутамд зохиогддог. Энэ удаагийн 6 дугаар бага хурал Австрали улсын Сидней хотноо 2013 оны 5 дугаар сарын 23-24-ны өдрүүдэд зохиогдож дэлхийн 96 орны 1200 гаруй зочид төлөөлөгчид, 100 илтгэгчид оролцов.
Монгол Улсаас УИХ гишүүн, Уул уурхайн сайд, ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлийн орлогч дарга Д.Ганхуяг тэргүүтэй төр засаг, компани, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл бүхий 15 хүн бага хуралд оролцож, өөрийн орны үзэсгэлэн гаргав.
ОҮИТБС-ын дүрмийг шинэчлэн батласан нь бага хуралдааны онцлох үйл явдал байв. Шинэ стандартаар ОҮИТБС-ын хүрээнд орлого, төлбөрөөс гадна тусгай зөвшөөрөл, төрийн өмчит компаниудын үйл ажиллагаа, орон нутгийн шилжүүлэг, нийгмийн хөгжилд зарцуулсан зардал зэргийг ил тод болгож, ОҮИТБС-ын иж бүрэн тайлан гаргаж, түүнийг энгийн ард иргэдэд илүү ойлгомжтой, хүртээмжтэй болгох, ашиглалтыг сайжруулах шаардлага тавигдсан болно.
Бага хурлын өмнөхөн Франц, Их Британи улсууд ОҮИТБС-ыг хэрэгжүүлэхээ хамтран амласан нь шинэ мэдээ байв. Того, Зааны ясан эрэг зэрэг орнууд шаардлагыг бүрэн хангасан, Гондурас, Филиппин улсууд нэр дэвшигч орноор хүлээн зөвшөөрөгдөж, ОҮИТБС-ын даргын нэрэмжит шагналыг Нигери улсад олгов. “Байгалийн баялгаас үр шим хүртэх нь” сэдэвт олон улсын видео киноны уралдаанд Того улс шалгарав.
ОҮИТБС-ын Олон улсын удирдах хорооны дарга хатагтай Клэйр Шорт төлөөлөгчдөд хандаж, шинэ стандартыг тууштай мөрдөхийг онцолж, ил тод, хариуцлагатай байдал хоорондоо холбоотойг анхааруулав. Одоогоор байгалийн баялаг ихтэй дэлхийн 39 орон ОҮИТБС-ыг хэрэгжүүлж байна.