Олборлох үйлдвэрлэлээс бий болсон орлогыг олон улсын хөндлөнгийн аудитаар баталгаажуулж, нийтэд ил тод мэдээлэх, улмаар тэрхүү орлогыг нийгэмд үр ашигтай байдлаар зарцуулах, авилгаас урьдчилан сэргийлсэн, орлогын зохистой менежментийн орчинг бүрдүүлэхэд чиглэн ажилладаг Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгад (ОҮИТБС) Монгол Улс анх 2006 онд нэгдэн орж, 7 жилийн хугацаа өнгөрч байна.
Санаачилгын хүрээнд хийгддэг гол үйл ажиллагаа нь нэг талаас олборлох үйлдвэрлэлийн компаниуд (ашигт малтмал, газрын тос, байгалийн хий) улс болон орон нутгийн төсөвт төлсөн татвар, төлбөр, байгаль хамгаалах үйл ажиллагаанд зарцуулсан зардал, борлуулсан бүтээгдэхүүнийхээ хэмжээг жил бүр тайлагнаж, нөгөө талаас Засгийн газар тэдгээр компаниудаас улсын болон орон нутгийн төсвөөр дамжуулан хүлээн авсан орлогоо тайлагнадаг бөгөөд хоёр талын тайланг олон улсын хөндлөнгийн аудитаар тулган баталгаажуулж, нийтэд ил тод мэдээлдэг.
2011 онд ОҮИТБС-ын тайланг 300 компани гаргаж, үүнээс 200 компанийн тайланг аудитаар тулган баталгаажуулж улсын төсөвт 2,1 их наяд төгрөгийн татвар, төлбөр төлснийг буюу улсын төсвийн урсгал орлогын 55 хувийг бүрдүүлснийг нотолсон юм.
Харин энэ жил буюу 2013 оны 3 дугаар сарын 31-ны байдлаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нийт 1822 аж ахуйн нэгжээс 1503 компани, газрын тосны 8 компани, ураны 3 компани тус тус ОҮИТБС-ын 2012 оны тайлангаа гаргасан нь тайлан гаргах үйл явцад том ахиц гарлаа.
Түүнчлэн Засгийн газар 1800 гаруй компаниар ОҮИТБС-ын 2012 оны тайлангаа гаргахаар бэлтгэж байгаа нь мөн адил өмнөх жилүүдийн үзүүлэлтүүдийг ахиулсан чухал үйл явдал болж байна.
Иймд Санаачилгын тайлангаа хугацаанд нь гаргаж, ил тод, хариуцлагатай байдлыг Монгол Улсад тууштай хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан нийт компаниудын удирдлагуудад, төр засгийн байгууллагуудад талархал илэрхийлье.
Тайлан гаргасан компаниудын нэрс