Ажлын хэсгийн хурлаар Монгол Улсын ОҮИТБС-ын 2023 оны буюу 18 дугаар нэгтгэл тайлангийн материаллаг байдал, цар хүрээг тодорхойлох, ОҮИТБС-ийн суурь мэдээллүүд, ажлын даалгаварт шаардсан мэдээллийг ил тод болгох асуудлаар эхлэлийн тайлангийн төслийг СИКА компаниас танилцуулсан бол жил бүрийн нэгтгэл тайлангийн ажлын даалгаврын шинэчлэл, баталгаажуулалтын семинарын зөвлөмжүүдийн тухай Ажлын албаны зохицуулагч Ш.Цолмон оролцогч талуудад мэдээлэл өгч, санал солилцлоо.
УУХҮЯ-ны ТНБД бөгөөд ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлийн НБД, Ажлын хэсгийн ахлагч С.Магнайсүрэн Ажлын хэсгийн 63 дугаар хуралдааныг нээж хэлсэн үгэндээ:
-"2022 оны олон улсын үнэлгээний “Баталгаажуулалт”-ын тайлангаар манай улс 70 оноо авч, өмнөх түвшинтэй харьцуулахад ухарсан нь ил тод болгох ажлыг цаашид улам эрчимжүүлэхийг шаардаж байгаа нэгэн дохио гэж хүлээн авч байна. Баталгаажуулалтаас өгсөн зөвлөмжүүдийг бүрэн хэрэгжүүлж, ОҮИТБС-ын олон улсын стандартын шаардлага бүрийг 2026 оны 4-р сарын 1-н гэхэд хангасан байхад бидний үйл ажиллагааны гол чиглэлийн нэг байх ёстой" гэлээ.
Мөн хуралдаанаар Жил бүрийн нэгтгэл тайлангийн ажлын даалгаврын шинэчлэл, Баталгаажуулалтын семинарын зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх ажлыг идэвхжүүлэх чиглэлээр ажлын 4 дэд хэсэг байгуулж, Ажлын албаны холбогдох ажилтнууд хариуцахаар шийдэв.
Ажлын хэсгийн хуралдаанд Засгийн Газар, Сангийн Яам, Уул, уурхай хүнд үйлдвэрийн яам, Салбар хяналтын газар, Татварын ерөнхий газар, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, "Эрдэнэс Монгол ХХК", "Саусгоби сэндс ХХК", Бороо гоулд" ХХК, "Оюу толгой" ХХК, "Петрочайна дачин тамсаг" ХХК, "Нээлттэй Нийгэм Форум", "Захиргааны шинэ санаачилга ТББ", "Монголын байгаль эхийн аврал сан ТББ", "Трансперенси интернейшнл Монгол", "Монголын байгаль орчны иргэний зөвлөл" МБОИЗ-ийн төлөөлөл оролцлоо.
Хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл удахгүй цахим хуудасны "Бидний тухай" булангийн "Ажлын хэсэг" хэсэгт байрших болно.