ОЛБОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН САНААЧИЛГЫН 2012 ОНЫ ТАЙЛАНГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2 сарын 02, 2021
748
ОЛБОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН САНААЧИЛГЫН 2012 ОНЫ ТАЙЛАНГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

ОҮИТБС нь байгалийн баялгаас бий болж буй орлогын ил тод байдлыг хангах замаар сайн засаглалыг бэхжүүлэх, орлогын зохистой менежментийг хөгжүүлэхийн төлөө ажилладаг. Уул уурхай, газрын тос, ураны компаниудын улсын болон орон нутгийн төсөвт төлсөн татвар, төлбөрийг, тэдгээр компаниудаас Засгийн газрын хүлээн авсан орлогыг нэгтгэн хөндлөнгийн аудитаар баталгаажуулдаг. Монгол Улсын нэгтгэл тайланг 2007 оноос гаргаж байгаа бөгөөд 7 дахь тайлан гарлаа.     

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд тэргүүлдэг бөгөөд дэд даргаар нь Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх ажилладаг. Тэрээр өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэж тайлангийн талаар мэдээллээ.

2012 онд ОҮИТБС-ын тайланг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч 1514 компани, газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ бүхий 11 компани, цацраг идэвхит ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч 6 компани нийт олборлох үйлдвэрлэлийн 1531 компани гаргажээ. Эдгээрээс 40 сая төгрөгөөс дээш татвар, төлбөр төлсөн 200 компанийн тайланг аудитаар тулган баталгаажуулж улсын төсөвт 1 их наяд 594 тэрбум төгрөгийн татвар, төлбөр төлснийг буюу улсын төсвийн урсгал орлогын 33 хувийг бүрдүүлснийг нотолсон байна.

Аудитаар баталгаажсан компаниудын төлсөн төлбөрийн нийт дүнгийн 93 хувь нь улсын төсөвт, 6 хувь нь орон нутгийн төсөвт, 1 хувь нь төр засгийн байгууллагуудад хандив, дэмжлэгийн орлогыг бүрдүүлсэн байна гэж тус тайланд дурджээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

www.sonin.mn сайт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд eitimongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Харилцагч түншүүд