Монголын ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлийн 2022 оны хуралдаан болж, 16 дугаар нэгтгэл тайлангийн үр дүнг хэлэлцэж, 2022 оны үйл ажиллагаагаа дүгнэж, ирэх оны төлөвлөгөөгөө хэлэлцлээ.
УУХҮ-ийн сайд бөгөөд ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлийн дарга Ж.Ганбаатар тус хуралдааны нээлтэд зориулсан үгэндээ “Улирч буй 100 жилд уул уурхайн салбарт олборлолт идэвхтэй өрнөсөн, томоохон ордуудыг хөдөлгөсөн түүхэн он жил байлаа. ...Бид ирэх жилүүдэд Монгол Улсын эдийн засгийг сэргээх, өсөлтийг хангах, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлж ажлын байрыг олноор бий болгох, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, эрх зүйн шинэчлэл, цахим шилжилтийг эхлүүлэхэд анхаарч ажиллаж байна.
Түүнчлэн Газрын тос боловсруулах үйлдвэр, түүхий тос дамжуулах хоолойн төсөл, Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэр, Үйлдвэр технологийн парк, Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, Оюутолгой ордыг түшиглэн үэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах, Алтанширээ аж үйлдвэрийн парк зэрэг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлсэн бүтээн байгуулалтуудыг хийж байгаа билээ.
Эдгээр бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг ил тод, хариуцлагатай байх зарчмаар хэрэгжүүлснээр аливаа алдаа, хийдлээс сэргийлэх, амжилттай хэрэгжүүлэх бололцоотой болно” хэмээн онцолжээ.
Монгол Улсын 16 дугаар нэгтгэл тайлангийн хөндлөнгийн баталгаажуулалтыг цар тахлын улмаас уян хатан байдлаар хийсэн бөгөөд нийт 63 аж ахуйн нэгж нэгтгэл хамрагдав. Эдгээр аж ахуйн нэгжийн 25 нь, 20 нь нүүрс, үлдсэн 5 нь зэсийнх бол үлдсэн 13 аж ахуйн нэгжийг ОҮИТБС-ын Ажлын хэсгийн гишүүдийн саналаар сонгосон юм. Цар тахлын хатуу хөл хорио үргэлжилсэн 2021 онд олборлох салбараас нийт 3.25 их наяд төгрөг төсөвт төвлөрснөөс 93.5 хувийг нэгтгэлд хамрагдсан 63 аж ахуйн нэгж бүрдүүлсэн байна.
Энэ жилийн нэгтгэл тайланг судалгаа, зөвлөх үйлчилгээний “Эс Ай Си Эй” (SICA) ХХК, “Гроут финанс аудит” ХХК гэсэн дотоодын аж ахуйн нэгжийн хамтарсан баг хийж гүйцэтгэжээ.