Зүүн бүсийн аймгуудын олборлох салбарын ил тод байдлын нэгдсэн чуулга уулзалтыг 10 дугаар сарын 27-28-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо зохион байгуулсан. Тус арга хэмжээг угтан Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяртай аймгийн уул уурхайн бодлого, ил тод хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх, тэр талаар хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, тулгамдсан асуудал, салбар дундын уялдааг хангаж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх боломжийн талаар ярилцлаа.
-Сүхбаатар аймгийн хөгжлийн бодлогод уул уурхайн салбар ямар байр суурь эзэлдэг вэ?
-Аймгийн хөгжлийн хөтөлбөр, Засаг даргын 2020- 2024 оны Үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгүүдэд Ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх замаар орон нутгийн хөгжилд оруулах үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилт тавьсан бөгөөд Зорилтыг хэрэгжүүлэхээр дараах бодлогыг барьж ажиллаж байна.
• Хууль тогтоомж, Засгийн газрын бодлого шийдвэрийн хэрэгжилтийг орон нутагт хангуулж, томоохон уул уурхайн төслүүдийг дэмжиж ажиллах
• Засгийн газрын 2016 оны 179 дүгээр тогтоол, аймгийн ИТХТ-ийн 2021 оны 03 дугаар сарын 05 өдрийн 09 дүгээр тогтоол, аймгийн Засаг даргын 2021 оны А/149 дүгээр захирамжийн дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нартай хамтын ажиллагааны гурвалсан гэрээ байгуулах
• Уул уурхайн салбар буюу Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагыг хэрэгжүүлэх аймаг, сумдын дэд зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зэрэг зорилт тавьсан. Эдгээр бодлогыг аймаг, сумдын төрийн байгууллага, мэргэжлийн байгууллагууд хамтран орон нутагт хэрэгжүүлэн, зохион байгуулж, уул уурхайн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах тэргүүлэх чиглэл болгон ажиллаж байна.
-Сүхбаатар аймагт амгтг-ын 2022 сарын 8 сарын 31 мэдээллээр ашиглалтын тусгай тусгай зөвшөөрөл 68, хайгуулын тусгай зөвшөөрөл 37 байна. Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээтэй 5 компани байна. Эдгээрээс цайрт минериал ххк- уул уурхайн салбарын топ 10 татвар төлөгчийн нэг. Бусад уурхайн хувьд орон нутгийн хөгжил, эдийн засагт хэр зэрэг тус дэмтэй байдаг вэ?
-Энэ оны 3 дугаар сарын 27-ны өдөр аймгийн ЗДТГаас “Хариуцлагатай уул уурхай ба орон нутгийн хамтын ажиллагаа” сэдэвт орон нутгийн уул уурхайн салбарын уулзалтыг зохион байгуулсан энэ үеэр Орон нутгийн хөгжлийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалах, дэд бүтцийг өргөжүүлэх зорилгоор Засгийн газрын 2016 оны 179 дүгээр тогтоолын дагуу Аймгийн Засаг дарга, холбогдох сумын Засаг дарга ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нартай ОРОН НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГУРВАЛСАН ГЭРЭЭ байгуулах уулзалт хэлцлийг зохион байгуулж нийт 12 аж ахуй нэгжтэй Хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна.
Гэрээний хэрэгжилтийн хүрээнд энэ онд аймаг, орон нутгийн хөгжлийн санд 1,6 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна. Цаашид орон нутагт ашиглалт тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулах аж ахуй нэгжүүдтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж, орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжилд оруулах үр өгөөжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллана.
-Уул уурхайн засаглалыг сайжруулахад итх-ын оролцоо чухал үүрэгтэй байдаг. Та бүхэн энэ тал дээр хэр зэрэг санаачилгатай ажилладаг вэ?
-Монгол Улсын шинэ сэргэлтийн бодлого, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа уул уурхайн салбарын хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх бодлогыг орон нутагт холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд дэмжин ажиллана. Ер нь бол зөвхөн ИТХ төдийгүй аймгийн Засаг дарга, холбогдох байгууллага, хүмүүс энэ тал дээр идэвхтэй санал санаачилгатай ажилладаг. Яагаад гэвэл манай аймгийн хувьд уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг бүс нутагт зүй ёсоор орно.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад томоохонд орох уул уурхайн үйлдвэр ч манай аймагт үйл ажиллагаагаа явуулдаг. Мөн хүрэн нүүрсний томоохон ордууд байдаг. Эдгээрийг түшиглээд зөвхөн Монгол Улсын талаас төдийгүй БНХАУ-ын талаас идэвх санаачилгатай ажиллах бодлого эрмэлзлэл байдаг нь нууц биш. Сүүлийн жилүүдэд энэ талаарх бодлого үйл ажиллагаа эрчимжиж байгаа. Бид энэ боломжийг ашиглан өөрийн орон нутгийн хөгжилд томоохон гарц, нөлөө болгох тал дээр чармайн ажиллаж байна. Энэ үйл ажиллагаа нь цаашлаад Бичигтийн боомттой холбогдоно. Энэхүү боомт нь өнөөдөр хэдийгээр эрчимтэй үйл ажиллагаа явуулахгүй байгаа ч гэсэн ирээдүйд зөвхөн Сүхбаатар аймаг, зүүн бүс төдийгүй Монгол улсын стратегийн ач холбогдол бүхий газар юм. Цаана нь далайн боомттой холбогдсон төмөр зам ирчихсэн байгаа.
Энэ үүднээс бид энэ боломжийг ашиглах талаар анхнаас нь зөв эхлүүлэх санал санаачилга гарган ажиллаж байна. Маш олон зүйл төв засгийн газраас шалтгаалдаг учраас орон нутгийн бодлогыг төв засгийн бодлогтой уялдуулах тал дээр ч анхаарч ажиллаж байна. Энэ тал дээр бүх талын оролцоо чухал гэдгийг онцлох байна.
-Уул уурхайн салбарыг ил тод болгох зорилго бүхий оүитбс-ын дэд зөвлөлийнхөө үйл ажиллагаагаар сүхбаатар аймаг жишиг болохуйц үйл ажиллагаатай. Танай итх болон здтг, аймгийн оүитбс-ын дэд зөвлөлийн хамтын ажиллагааны туршлагаасаа хуваалцана уу?
-Манай аймгийн ИТХ болон ЗДТГ, Аймгийн ОҮИТБСын дэд зөвлөл үйл ажиллагаандаа лиценз нь ил, эзэн нь тодорхой, гэрээ нь нээлттэй, шийдвэр нь оролцоотой, иргэд нь мэдэлтэй байх таван зорилго тавьж 2013 оноос эхлэн тогтвортой ажиллаж ирсэн. Энэ ажилд манай иргэний нийгмийн төлөөлөл “Их, Бага Баяншарга сан” ТББ тэргүүн Л.Бор идэвхитэй ажиллаж чиглүүлж байдаг. Мөн аймгийн ОҮИТБС-ын Дэд зөвлөлийн гишүүн ХБТХОХ-ын дарга Х.Энхцэцэг, ХБТХОХын мэргэжилтэн Дэд зөвлөлийн нарийн бичиг М.ГэрэлтОд, “Цайртминерал” ХХК-ийн хөрөнгө оруулалт, идэвхи санаачлагатай хамтын ажиллагааны үр дүн гэж онцлон хэлэх байна.
Бид ОҮИТБС-ын тайлангийн ач холбогдол, мэдээллийг ашиглаж сурах, ил тод байдлын талаарх ойлголт, мэдлэгийг сайжруулах, Дэд зөвлөлийг чадавхижуулах, ОНХА-ны гэрээний хэрэгжилтийн талаар \Ковидын хоёр жилээс бусад\ жил бүр сургалт, семинар уулзалт хэлэлцүүлэг хийж хэвшсэн. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг хэрэгжүүлэхэд оролцогч талуудын хамтын ажиллагаа чухал байдаг.
ОҮИТБС-ын тайланг иргэд олон нийтэд хүргэх, иргэдийн дуу хоолойг эрдэс баялгийн салбарт хүргэх, хуулийг хэрэгжүүлэх, байгаль орчин хүний эрхийг хамгаалах зэрэг ажлуудыг хийж байна. Байгаль орчин, хүний эрхийг зөрчдөг, татвар төлбөрөө төлдөггүй зарим компаниудыг шүүхэд нэхэмжлэл гарган ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулсан байна.
2022 онд ОҮИТБС-ын Ажлын алба, Аймгийн ЗДТГ, Дэд Зөвлөл, ИТХ, “Их, Бага Баяншарга сан” ТББ хамтарч дэд зөвлөлийг чадавхижуулах, орон нутгийн төрийн байгууллагын дунд, доод шатанд ойлгуулах хүргэх, мэдээллийг нийт иргэдэд хүртээмжтэй ил тод болгоход чиглэгдсэн сургалт семинар хийж 60-70 хүнийг хамрууллаа. Үүнд: МОҮИТБС-ын ажлын албатай хамтарч Сүхбаатар аймгийн “Талын түрлэг” группын сэтгүүлчдэд тусгай хөтөлбөрөөр танхимаар сургалт хийлээ. ОҮИТБС-ын ажлын албатай хамтарч хөтөлбөр боловсруулж Сүхбаатар аймгийн бүх сумдын ИТХ-дарга, нарийн бичгийн дарга, Засаг дарга, орлогч дарга нар холбогдох мэргэжилтнүүдийн оролцсон 30-40 хүнтэй цахим сургалт зохион байгууллаа. Аймгийн ОҮИТБС-Дэд зөвлөлийн гишүүдээ чадавхижуулах, жилийн төлөвлөгөөг батлах, орон нутгийн хамтын ажиллагааны гэрээний талаарх сургалтыг Аймгийн ЗДТГ Дэд Зөвлөлтэй хамтран зохион байгууллаа. Сүхбаатар аймгийн Уул уурхайн компаниудтай 2021-2022 онд хийсэн орон нутгийн хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтэд хяналт мониторингийн судалгаа гэх мэт ажлуудыгхийж холбогдох газруудад мэдээ тайланг гаргаж явууллаа. Гэвч ОҮИТБС-ын ажлыг хийхэд орон нутгаас хамаарахгүй бэрхшээлүүд байна. Тухайлбал: ОҮИТБС-ын ажлыг ЗДТГ-ын ажилтнууд үндсэн ажлаасаа цаг зав гаргаж хийдэг, иргэний нийгмийхэн ямар ч урамшуулалгүй, уул уурхайн компаниудын ихэнх нь орон нутагтай харьцаагүй ямарч татвар төлбөр өгдөггүй байхад лицензээ сунгуулаад явдаг.
Төрөөс энэ бүхэнд тавьж буй хяналт хариуцлага хангалтгүй байдаг. ОҮИТБС-ын талаар мэдлэг ойлголттой болсон сумдын засаг захиргааны бүрэлдэхүүн сонгууль болгоны дараагаар өөрчлөгдөж, сумдад Дэд Зөвлөл тогтвортой ажиллаж чадахгүй байна.
-Орон нутгийн удирдлагын хувьд цаашид уул уурхайн засаглалыг сайжруулахад хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх талаар ямар бодлого барьдаг вэ?
-Уул уурхайн үйл ажиллагааны хайгуулын шатнаас ашиглалт, тээвэрлэлтийн бүхий л үйл ажиллагааны талаарх мэдээллийг иргэдэд ил тод бодитой хүргэх ажил чухал байдаг. Мөн тусгай зөвшөөрөл олгох явцад тухайн орон нутгаас санал авдаг, энэ санал авах ажиллагааг аж ахуй нэгж хууль тогтоомжийн дагуу авдаг байх хэрэгтэй жишээ нь ашиглалтын тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулах боллоо гэхэд Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийдэг, энэ үнэлгээнд тухайн орон нутгийн багийн ИНХ-ын санал авдаг. Энэ санал авах процессд иргэдийн оролцоо маш чухал. Үүн дээр аймаг, орон нутгийн удирдлагууд сумдад зөвлөмж чиглэл өгч ажиллаж байна.
Мөн ОҮИТБС-ын сумдын дэд зөвлөлийг олон талын оролцоог тэгш ханган байгуулж, уул уурхайн үйл ажиллагааны мэдээллийг ил тод иргэдэд хүргэх, дэд зөвлөлийн үйл ажиллагааг чадавхжуулах, идэвхжүүлэх шаардлагатай байгаа. Сумдын дэд зөвлөлийн бүрэлдэхүүнд идэвхтэй иргэний нийгмийн байгууллага болон иргэдийг оролцуулах хэрэгтэй.
Мөн Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээ байгуулахад тухайн сум орон нутаг, иргэдээс санал авч, гэрээний явц, хэрэгжилтэд үнэлгээ хийж, дүгнэх хамтын ажиллагааны хороог байгуулан ажиллах зэрэг иргэдийн оролцоог бүх шатанд хангаснаар уул уурхайн салбарын засаглалыг сайжруулах, хууль, тогтоомжийн хэрэгжилт орон нутагт хангагдах ил тод хариуцлагатай уул уурхай хөгжиж ингэснээр орон нутагт үзүүлэх үр өгөөж нэмэгдэх, ажлын байр нэмэгдэх, дэд бүтэц хөгжинө гэж харж байна.
-Уул уурхайн компаниуд орон нутагт хайгуул ашиглалт хийхээр ирээд малчид эсэргүүцэн тэмцэх явдал ихэслээ. Үүнийг танай аймаг яаж зохицуулж шийдвэрлэж байгаа бэ? Ер нь яах ёстой төрөөс ямар шийдвэр гараасай гэж бодож байна?
-Орон нутагт энэ асуудал гардаг. Нэгэнт холбогдох хууль, тогтоомжийн дагуу хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг явуулж байгаа уурхайнууд дээр энэ асуудал гайгүй. Харин өмнө нь би хэлсэн Байгаль орчны үнэлгээ болон орон нутгаас авдаг саналуудыг холбогдох хууль тогтоомжийн дагуу ирц, оролцоог ханган аваагүй зарим шалтгаануудын улмаас малчид, орон нутгийн эсэргүүцэл гардаг. Дээр нь уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэлтээс үүсэх тоосжилттой холбоотойгоор иргэдээс маш их өргөдөл, гомдол ирдэг.
Уул уурхайн бүтээгдэхүүнийг тусгай зориулалттай хатуу хучилттай авто замаар тээвэрлэх, тээвэрлэлтийн чиглэл, авто замын маршрутыг Зам, тээврийн хөгжлийн яам батлах хуулийн зохицуулалттай. АМГТГ-аас аж ахуй нэгжийн ажлын төлөвлөгөөг батлан ажиллах зөвшөөрөл олгодог,
БОАЖЯ-наас Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталдаг. Ингээд тухайн аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулдаг, тээвэрлэлт гүйцэтгэдэг. Гэтэл тээвэрлэлтийн чиглэл, маршрут батлуулаагүй зөрчил үүсдэг. Үүнээс болж орон нутаг, иргэдийн эсэргүүцэл гардаг. Тийм учраас цаашид АМГТГ, БОАЖЯ-наас баталж байгаа тухайн оны төлөвлөгөө батлахдаа бүтээгдэхүүн тээвэрлэлтийн асуудлыг холбогдох яамтай хамтран үе шаттай зохицуулалт хийж байх шаардлагатай байна. Төрөөс эрх зохицуулалт, холбогдох яамдууд уялдаа холбоотой ажиллах, мөн орон нутагт иргэдэд салбарын мэдээллийг сурталчлан таниулах ажил тогтмол зохион байгуулах шаардлагатай гэж үзэж байна.
Эх сурвалж: Их, бага баян шарга ТББ
Эх сурвалж: Их, бага баян шарга ТББ