Монголын уул уурхайн үндэсний ассоциацын гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяатай “Өмнөговь аймаг ба говийн бүсийн уул уурхай, ил тод байдлын нэгдсэн чуулга уулзалт”-ын үр дүнгийн талаар ярилцлаа. Тэрбээр тус чуулганд уул уурхайн салбарын хөгжилд хууль тогтоомжийн өөрчлөлтийн үзүүлж буй нөлөө, эдийн засгийн үр ашиг, ковидын дараах эдийн засгийг сэргээхэд уул уурхайн салбарын оролцооны талаар илтгэл тавьж оролцжээ. МУУҮА нь Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын Үндэсний зөвлөл болон Ажлын хэсгийн гишүүн юм.
-Хоёр жил үргэлжилсэн хөл хорионы дараа Монголын уул уурхайн том төсөл хэрэгжүүлэгчид, төр засаг, орон нутгийн удирдлагуудын төлөөлөл, иргэний нийгмийнхэн, иргэд цугласан өргөн хэмжээний чуулган боллоо. Та чуулганы үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байна вэ?
-Цар тахалын улмаас уул уурхайн салбарт тулгарсан асуудлууд, цаашлаад манай улсын эдийн засагт гарсан хүндрэлүүдийг уул уурхайн үйл ажиллагаанд оролцогч талууд нээлттэй ярилцаж нэгдсэн ойлголттой болохоос гадна төр, хувийн хэвшил, орон нутгийн иргэдийн хооронд бий болсон зөрүүтэй ойлголтуудыг арилгах томоохон алхам болох байх гэсэн хүлээлттэй байсан. Чуулганаар хэлэлцэх асуудлуудыг ангилж, үе шаттайгаар хэлэлцүүлгийг зохион байгуулсан бол илүү үр дүнтэй болох байсан болов уу гэж харж байна. Цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төслүүдийн мэдээлэл, одоогийн тулгамдсан асуудлууд, хэрэгжиж байгаа төслүүдийн үйл явц, орон нутгийн иргэдийн гомдол санал гэх зэрэг асуудлуудыг нэг дор дарааллуулан хэлэлцсэн нь чуулганаас гарах үр дүнг тодорхой хэмжээнд бууруулах эрсдэлтэй гэж бодож байна.
-Хувийн хэвшлийнхний хувьд энэхүү чуулган хэр зэрэг ач холбогдолтой болсон бэ?
-Манай улсын эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, цаашдын өсөлтийг бий болгохын тулд дотоод руу чиглэсэн валютын урсгалыг нэмэгдүүлэх, экспортын хувь хэмжээг өсгөх зайлшгүй шаардлагатай цаг үетэй бид нүүр тулаад байна. Одоогоор үүнийг бодитоор бий болгох боломжтой салбар нь уул уурхай юм. Энэ салбарт ажиллаж байгаа хувийн хэвшлийн компаниудын хувьд төрийн байгууллагуудын төлөөллүүд болон орон нутгийн иргэдтэй тулгамдсан асуудлуудын талаар нээлттэй санал солилцох хэрэгцээ өндөр байдаг. Гэвч энэ удаагийн чуулганаар хувийн хэвшлийн компаниуд илүү сонсогчийн байр сууринаас оролцох шиг боллоо. Орон нутгийн иргэд, төрийн бус байгууллагуудын тавьж буй шаардлага, шүүмжлэлийг илүүтэй сонссон байх.
-Хайгуулын үйл ажиллагаанд тулгарч буй нэг том бэрхшээл нь орон нутгийн эсэргүүцэл байгааг чуулганд оролцсон иргэдийн санаа бодлоос их тод томруун харагдсан?
-Хайгуулын ажил нь уул уурхайн салбарын үндэс суурь бөгөөд асар өндөр ач холбогдолтой үйл ажиллагаа юм. Хайгуулын үйл ажиллагааг эрчимжүүлэхгүйгээр уул уурхайн салбарын хөгжлийн талаар ярих боломжгүй гэсэн үг л дээ. Чуулганд оролцсон иргэд ерөнхийдөө байгаль орчинд болон нутгийн иргэдийн амьдрах нөхцөлд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийн талаар хурцаар шүүмжилж байсан. Гэтэл хайгуулын ажлын үед дээрх сөрөг нөлөөллүүд үүсэх нөхцөл харьцангуй бага бөгөөд хайгуулын өрмийн талбайг 100 хувь нөхөн сэргээх боломжтой. Өөрөөр хэлбэл, хайгуулын ажлын үед сөрөг нөлөөлөл үүссэн бол маш хялбар, шуурхай шийдвэрлээд үйл ажиллагааг тасралтгүй явуулах боломжтой. Гэтэл орон нутгийн иргэд шүүмжлэлийг хавтгайруулсан байдлаар тавьж байгаа харагдсан. Хэрвээ бид хайгуулын ажлыг зогсоовол тодорхой хугацааны дараа уул уурхайн салбарын үйл ажиллагааг зогсоох эрсдэлтэй нүүр тулна.
Өмнө хэлсэнчлэн геологи, хайгуулын салбар нь уул уурхайн салбарын үндэс суурь болж тогтвортой үйл ажиллагааг явуулах нөхцөл болж байдаг. Өөрөөр хэлбэл, уул уурхайн орд газрыг нээн илрүүлж, улсын эрдэс баялгийн сан хөмрөгийг нэмэгдүүлэх ажлыг хийдэг гэсэн үг.
Мөн хайгуулын ажил гэдэг маань асар их эрсдлийг үүрдэг. Хайгуул хийсэн талбай болгон уурхай болдог гэсэн ойлголт түгээмэл анзаарагддаг. Гэтэл хайгуулын ажилд асар их хүч хөдөлмөр, хөрөнгө зарцуулсны эцэст уурхай болох хэмжээний нөөц олохгүй байх тохиолдол элбэг. Хайгуулын ажлыг уурхайн үйл ажиллагаа гэхээсээ илүүтэй геологийн судалгааны ажил гэж ойлгох нь чухал юм. Бид одоо ашиглаж байгаа цөөн хэдэн ордоо ашиглах явцад дараагийн орд газрыг нээж олох шаардлагатай.
-Чуулганы үр дүнгээс харахад хайгуулын компани, иргэдийн дунд үүссэн үл ойлголцлыг бууруулахад төрийн зохицуулалт хэрэгтэй юу, эсвэл орон нутгийн удирдлага, төсөл хэрэгжүүлэгчийн нягт хамтын ажиллагаагаар шийдэх нь дээр үү?
-Хайгуулын болон ашиглалтын явцад тулгарч буй асуудлын нэг нь орон нутгийн асуудал байдаг. Цоо шинээр тулгараад байгаа зүйл биш, 10 гаруй жилийн өмнөөс л уул уурхайн салбар эрчимжиж эхлэх үеэс гарч ирсэн асуудал. ААН нь төрөөс холбогдох хуулийн хүрээнд шаардлагатай зөвшөөрлүүдийг аваад үйл ажиллагаа явуулах гэхээр тооцоологдоогүй маш олон асуудлууд гараад ирдэг болсон. Цөөн жишээ татая. Ашигт малтмалын тухай хуулийн 42.1 дэх хэсэгт заасан нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулах асуудал байна. Тус гэрээний жишиг загварыг Засгийн газрын 2017 оны 174 дүгээр тогтоолоор батласан байдаг ба гэрээний гол агуулга нь ажлын байрыг нэмэгдүүлэх, уурхай орчмын дэд бүтцийг сайжруулах, байгаль орчныг хамгаалах гэсэн 3 хэсгээс бүрддэг. Нутгийн захиргааны байгууллагатай гэсэн ерөнхий тусгасан нь аймгийн, сумын, эсвэл багийн засаг даргын алинтай нь гэрээ байгуулах нь тодорхойгүй тул асуудал дагуулдаг. Гэтэл зарим компани үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд бүгдтэй нь гэрээ байгуулсан тохиолдол ч байна. Үүнийг тодорхой журамлаж өгөх шаардлагатай гэж үзэж байна. Мөн уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд орон нутгийн хөгжилд хөрөнгө оруулалт хийх жишиг тогтсон. Зарим аймаг хөгжлийн сан үүсгэсэн, ашиглалт, хайгуулын төрлөөр нь хөрөнгө оруулалт буюу мөнгөний квот гаргачихсан ч жишиг байна. Энэ нь дөнгөж хайгуулын тусгай зөвшөөрлөө аваад хамаг эрсдэлээ үүрээд ажлаа эхлүүлж буй ААН-үүдэд дарамт болж хувирч байгаа. Зардлаа өөрсдөө 100 хувь гарган геологийн судалгааны ажил хийх гэж байгаа компани шүү дээ. Гэхдээ ААН-үүд өөрийн боломжид тулгуурлаад орон нутагт их, бага гэлтгүй хөрөнгө оруулалт хийж л байгаа.
Дараагийн жишээ, орон нутгийн иргэдтэй ойлголцох асуудал. Орон нутгийн иргэд, ААН хоорондын харилцаанд төрийн байгууллагын оролцоо байхгүй, ямар ч зохицуулалтгүй явж байгаа. Энэ нь хэдийгээр компани хуулийн дагуу бүх зөвшөөрлөө авсан ч үйл ажиллагаагаа явуулж чадахгүй нөхцөлд ордог гэсэн үг. Түүнээс гадна зохион байгуулалттайгаар компаниудын үйл ажиллагаанд саад учруулдаг, дарамт шахалт үзүүлж мөнгө нэхдэг бүлгүүд нэгэнт үүссэнийг бүгд л мэдэж байгаа боловч эрх бүхий байгууллагуудаас ямар ч арга хэмжээ авдаггүй, зөнд нь орхисон байдал харагддаг. Нэг компани орон нутгийн иргэдтэй маргаан үүсгээд байгаа мэт харагддаг ч эцсийн дүндээ орон нутгийн иргэдийг төөрөгдүүлж, турхирсан нөгөө бүлэг хүмүүс хожиж, хохирлыг компани болон нутгийн иргэд үүрээд үлддэг. Энэ асуудалд төрийн зохицуулалт зайлшгүй шаардлагатай. Уул уурхайн үйл ажиллагаанд оролцогч талуудын эрх, үүргийн зааг, хязгаарыг тодорхой болгох шаардлага өдөр ирэх тутам нэмэгдэж байна. Хайгуул, олборлолтын үйл ажиллагаа байтугай байгаль орчны үнэлгээнд заагдсан нөхөн сэргээлтийн ажлаа хийхэд хүртэл хүндрэл бэрхшээлтэй тулгарч байна. Нөхөн сэргээсэн талбайд гар аргаар олборлолт хийхээр дайраад орчихсон тохиолдол цөөнгүй бий. Энэ бүхний эцэст төсөл хэрэгжүүлэгч, орон нутгийн иргэд аль аль нь хохирч үлддэг.. Энэ бүхнийг журамлаж цэгцэнд оруулах зайлшгүй шаардлагатай.
-Компани болон орон нутгийн хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх нь чуулганы хэлэлцүүлгийн нэг гол сэдэв байсан. Уул уурхайгаас орон нутагт үзүүлж буй өгөөжийг нэмэгдүүлэхэд компаниудын хувьд практик дээр тулгарч буй хамгийн гол саад бэрхшээл юу байдаг вэ?
-Мэдээж хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд аль болох олон нийтэд нээлттэй, хариуцлагатай үйл ажиллагаа явуулахыг зорьж ажилладаг. Тухайн орон нутгийн удирдлагатай байгуулсан нийгмийн хариуцлагын гэрээ болон БОННҮ, ТЭЗҮ-д тусгагдсаны дагуу үүрэг амлалтаа биелүүлж нийгмийн хариуцлагатай ажилласаар өдий хүрсэн аж ахуйн нэгжүүд олон байдгийг бид мэднэ. Жишээ нь, Өмнөговь 10 гаруйхан жилийн дотор Монголын хамгийн том татвар бүрдүүлэгч аймаг болохоос гадна хөгжил дэвшил, орон нутгийн иргэдийн амьжиргаа хэрхэн сайжирсныг энэ чуулганд зорьж ирж оролцсон хүмүүс анзаарсан байх. Маш олон төрлийн жижиг, дунд бизнесийн үйл ажиллагаа өргөжин тэлж, ажлын байрууд бий болсон байна. Өнөөдрийн Даланзадгад хотыг 20 жилийн өмнөхтэй харьцуулахад ямар их өөрчлөлт бий болсныг хэн ч ярихгүй атлаа уул уурхайн салбар бол байгаль орчныг сүйтгэж, иргэдийн амьдрах орчныг үгүй болгодог гэж шүүмжлэх нь хэт өрөөсгөл санагддаг. Үйл ажиллагаа нь хариуцлагагүй, байгаль орчин сүйтгэж, хууль зөрчиж байгаа компаниуд байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ тэдэнд арга хэмжээ авах хууль эрхзүйн механизм нь бэлэн байгаа шүү дээ. Иргэдийн гаргасан гомдлыг хянан шалгаж, арга хэмжээ авдаг хууль эрхзүйн систем нь байна. Бид бүрэн дүүрэн ажилладаг системтэй болох ёстой болохоос өөр хоорондоо эмх замбараагүй маргаан үүсгэснээр ямар нэг эерэг үр дүнд хүрч чадахгүй шүү дээ.
-Өмнөговь аймагт хариуцлагатай уул уурхайн жишээ болж явдаг ААН олон байдаг. Гэхдээ хариуцлагагүй тусгай зөвшөөрөл эзэмшигчид түүнээс олон байгаа. МУУҮА хувийн хэвшлийн эрх ашгийг төлөөлдөг нэг том оролцогч талын хувьд хариуцлагатай ба хариуцлагагүй уул уурхайн талаарх иргэд, олон нийтийн ойлголт хандлагыг нэмэгдүүлэхэд хэрхэн манлайлж ажиллах вэ?
-МУУҮА нь “Хариуцлагатай уул уурхайн кодекс”-ийн төслийг боловсруулж өөрийн гишүүн байгууллагуудын үйл ажиллагаанд нэвтрүүлэн ажилладаг. Энэ кодексийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг МУУҮА-ийн дотоод дүрмээрээ гишүүн байгууллагууддаа үүрэг болгодог. Бид гишүүдийнхээ тоог нэмэгдүүлж, уул уурхайн төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудад хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагаа явуулахад нь дэмжлэг үзүүлэхээс гадна “Хариуцлагатай уул уурхайн кодекс”-ийн талаар олон нийтэд, ялангуяа орон нутгийн иргэдэд таниулан сурталчлах ажил явуулахаар төлөвлөж байна.
-Уул уурхайн төслийг тогтвортой хэрэгжүүлж, оролцогч талууд харилцан ашигтай хамтарч ажиллахад уулзах гол цэг нь ИЛ ТОД БАЙДАЛ гэдгийг УУХҮЯ-ны төлөөлөл хэлэлцүүлгийн үеэр онцолж байсан. Энэхүү чуулганаас гарч буй зөвлөмжид компаниудын ил тод байдлыг сайжруулахад чиглэсэн хэд хэдэн санал туссан. Үүнийг хэрэгжүүлэхэд МУУҮА хэрхэн дэмжиж ажиллах боломжтой вэ?
-МУУҮА ил тод байдлыг мэдээж дэмжинэ. Уул уурхайн салбарын оролцогч талуудын ойлголцлыг сайжруулах, үйл ажиллагааг хариуцлагатайгаар тасралтгүй явуулахад дэмжлэг үзүүлэх нь манай үндсэн ажлуудын нэг. Ил тод, нээлттэй байдлыг бий болгоход талуудын идэвхи санаачлагатай оролцоо маш чухал юм.
Эх сурвалж: Эрдэс баялгийн тойм сонины 2022 оны 7 сарын дугаар