Монгол Улс Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-д 2006 онд нэгдсэн бөгөөд орон нутгийн дэд зөвлөлийг 2013 оноос байгуулж эхэлснээр одоогоор аймаг, нийслэлд 22, сум дүүрэгт 12, нийт 34 дэд зөвлөлтэй болсон байна. Дэд зөвлөл нь олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг хангах чиглэлээр гарсан хууль тогтоомж, Санаачилгын олон улсын үндсэн зарчим, шаардлагад нийцүүлэн орон нутагт үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, салбарын засаглалын ил тод байдал, хариуцлагыг сайжруулах зорилготой юм. Мөн дэд зөвлөл нь нутгийн захиргааны байгууллага, олборлох үйлдвэрлэл эрхлэгчид, иргэний нийгмийн байгууллагын оролцоог хангахад чухал үүрэгтэй бүтэц юм. Дэд зөвлөлийг байгуулах, түүний бүтэц, үйл ажиллагааны үндсэн чиглэлийг тухайн аймаг, нийслэлийн засаг дарга шийдвэрлэж иржээ. Хэдийгээр дэд зөвлөлийг байгуулаад 8 жил болсон ч үйл ажиллагаа нь жигдэрч олборлох үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, иргэдэд мэдээлэл хүргэх зорилгыг бүрэн биелүүлж чадахгүй байна.
Тус судалгааны зорилго нь Монголын ОҮИТБС-ын Дэд зөвлөлийн үйл ажиллагааны өнөөгийн бодит байдалд үнэлгээ өгөх, орон нутагт ил тод байдлыг хангахад тулгарч буй бэрхшээл, хэрэгцээг судалж, тодорхойлсны үндсэн дээр тайлан боловсруулж, цаашид дэд зөвлөлүүдийн үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн зөвлөмж, стратеги, ажлын төлөвлөгөөний төслийг судалгааны хамт Монголын ОҮИТБС-ын Олон талт ажлын хэсэгт хүлээлгэн өгөхөд оршино.
Судалгааг эндээс үзнэ үү.