Төр, компани, иргэний нийгмийн гурван талт оролцоог хангах замаар орон нутагт олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг хангахад орон нутгийн удирдлагын манлайлал үгүйлэгдэж байна. Энэ тухай өнөөдөр болсон Дэд зөвлөлүүдийн 2022 оны анхны цахим зөвлөгөөний оролцогчид онцоллоо. Азийн хөгжлийн банкны Олборлох салбарын засаглалыг сайжруулах төслийн зохицуулагч З.Баярхүү “Тухайн аймаг, сумын ИТХ, Засаг даргын дэмжлэггүй бол Дэд зөвлөлүүдийн үйл ажиллагаа идэвхжиж, шинэ шатанд гарахгүй. Тиймээс юуны түрүүнд орон нутгийн удирдлагуудад Монголын ОҮИТБС-ыг таниулах шаардлага их байна” гэлээ.
Орон нутгийн 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнд Засаг дарга, ИТХ-ын гишүүд солигдсон, мөн дэд зөвлөлүүдийн 57 хувь нь шинэчлэгдсэн нь аймаг, сумдад олборлох салбарын ил тод байдлыг сайжруулах ажилд сөргөөр нөлөөлж байгаа юм.
Цахим зөвлөгөөнд УУХҮЯ, Монголын ОҮИТБС-ын Үндэсний зөвлөл, Ажлын хэсгийн гишүүн “Хил хязгааргүй алхам” ТББ, 14 аймгийн Дэд зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдсэн 40 гаруй хүн оролцлоо. Зөвлөгөөнөөр Ажлын алба болон Дэд зөвлөл тус бүр 2021 онд хэрэгжүүлсэн ажил, 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө танилцууллаа. Дэд зөвлөл нь орон нутагт олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг хангах үүрэгтэй бүтэц боловч өнөөг хүртэл улсын төсвөөс дэмжлэггүй, зөвхөн орон нутгийн удирдлага болон компаниудын багахан санхүүжилтээр үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Тиймээс 2022 онд УУХҮЯ-ны төсөвт 21 аймаг, нийслэлийн дэд зөвлөлд тус бүр нэг сая төгрөгийн санхүүжилт батлуулсан юм. Дэд зөвлөлүүдийн зүгээс энэхүү санхүүжилтийг гишүүдээ чадавхжуулах, олон нийтийг ил тод, бодит мэдээллээр хангах, уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах зэргээр орон нутгийн хариуцлагатай, тогтвортой, ил тод уул уурхайн үйл ажиллагааг дэмжихэд зарцуулах саналтай байгаагаа илэрхийллээ.
“Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан дэд зөвлөлийн үйл ажиллагааны үр дүнг сайжруулах зорилгоор Дэд зөвлөлийн ажлын төлөвлөгөөг шинэчлэх, үнэлгээний арга зүйн талаар илтгэл хэлэлцүүллээ. Энэ хүрээнд Монголын ОҮИТБС-ын 15 жилийн турш цугласан өгөгдөл мэдээллийг дэд зөвлөлүүд контент болгон ашиглах, иргэдэд хүргэх, жилийн үйл ажиллагааны жишиг зардлыг тооцож гаргах, орон нутгийн удирдлагын дэмжлэгийг сайжруулах, төр-компани-иргэний нийгэм гэсэн гурван талын оролцогчийн ойлголцол, хамтын ажиллагааг улам үр дүнтэй болгох чиглэлээр зохион байгуулагчид, оролцогчид санал бодлоо хуваалцав.