М.Робинсон: Хэн нь илүү үр шим хүртэж буйг Монголын иргэд мэддэг байх нь зүй ёсны сонирхол юм.

9 сарын 02, 2021
750
М.Робинсон: Хэн нь илүү үр шим хүртэж буйг Монголын иргэд мэддэг байх нь зүй ёсны сонирхол юм.

Монгол Улсад уул уурхайн компаниудын эцсийн өмчлөгчийг ил болгох ажлыг эрчимжүүлэхэд сайн туршлага хуваалцаж, мэдээлэл солилцох зорилготой вебинарыг ОҮИТБС-ын Олон улсын нарийн бичгийн дарга нарын газраас энэ сарын 26-нд буюу пүрэв гарагт зохион байгууллаа. Энэхүү вебинарыг нээж ОҮИТБС-ын Олон улсын нарийн бичгийн газрын гүйцэтгэх захирал ноён М.Робинсоны хэлсэн үгийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.

Монгол Улс ОҮИТБС-ын 2013 оны тайлангаас эхлэн олборлох салбарын эцсийн өмчлөгчдийг ил тод болгож ирсэн байна.

Түүнээс хойш Монгол Улсын Засгийн газар, ОҮИТБС-ын Үндэсний зөвлөл, Ажлын хэсэг нь Эцсийн өмчлөгчдийг ил тод болгох асуудлаар хэд хэдэн арга хэмжээ авч ирсний дотор “Замын зураг, хуулийн төсөл, бүртгэлийн систем болон ОҮИТБС-ын тайлан”-гаа үргэлжлүүлэн ил тод болгох үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаад бид ихээхэн талархалтай ханддаг юм.

Монгол Улс шиг байгалийн баялгийн арвин нөөцтэй улсад компанийн эздийг ил тод болгох нь туйлын чухал асуудал юм. Засгийн газрын орлогын 26 хувийг бүрдүүлж буй 2000 орчим компани үйл ажиллагаа явуулж буй энэ салбарт хэн нь илүү үр шим хүртэж байгааг Монголын иргэд мэддэг байх нь зүй ёсны сонирхол юм.

Монгол Улсын ОҮИТБС-ын Эцсийн өмчлөгчийг ил болгох тухай замын зураг нь одоо өрнөж буй хууль эрх зүйн шинэчлэлийн чухал хэсэг юм. Иймд би зарчмын 3 чухал байр суурийг илэрхийлэх нь зүйтэй гэж үзэж байна:

-Нэгдүгээрт, эцсийн өмчлөгчийн мэдээллийг ил тод болгосноор татвар төлөхөөс зайлхийх, ялангуяа ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлж, татвараас бултдаг үзэгдэлтэй холбогдсон эрсдлийг байж болох хамгийн бага түвшинд оруулах юм. Эцсийн өмчлөгчийн мэдээллийг ил тод болгож буй та бүхний үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн шилжилтийг цаг хугацаанд нь бүртгэж, шинэ эздийн талаарх өөрчлөлтийг ил тод болгохтой холбох нь чухал гэж үзэж байна. Үүний тулд Эцсийн өмчлөгчийн мэдээллийг тусгай зөвшөөрлийн шилжилт хөдөлгөөнтэй нийцүүлэхийг шаардах бөгөөд ингэснээр холбогдох дүн шинжилгээг оновчтой хийж, улсын татвар төвлөрүүлэх ажил сайжрах юм.

-Хоёрдугаарт, Эцсийн өмчлөгчийн мэдээллийг ашиглан тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд авлигын эрсдэл, сонирхлын зөрчлийг бууруулах болно. Монголын ОҮИТБС-ын 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө Авлигын эсрэг зорилт оруулсан анхны улсуудын нэг нь Монгол билээ. Эцсийн өмчлөгчийн мэдээллийг улс төрийн өндөр албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлэгт оруулснаар тусгай зөвшөөрөл олгоход үүсч болох сонирхлын зөрчлийг тогтооход томоохон хувь нэмэр болно. Эцсийн өмчлөгчийн мэдээлэлд улс төрийн нөлөө бүхий этгээдийн мэдээллийг нэгтгэснээр уул уурхайн салбарт сайн засаглалыг бий болгох Монгол Улсын хүчин чармайлтад гарч буй дэвшил юм. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалтыг татахад эерэг нөлөө үзүүлнэ.

-Дээрх хоёр зарчимын байр суурийг хөгжүүлэхэд эцсийн өмчлөгчийн мэдээлэл хүртээмжтэй байхыг шаарддаг. Хэрэв ингэж чадвал гурав дахь үйл ажиллагаа буюу үндэсний хэмжээний өөрчлөлтийн тэргүүн зорилт болох ил болж буй мэдээллийг олон нийт ашиглах боломж бүрдэнэ. ОҮИТБС-ын стандарт нь эцсийн өмчлөгчийг ил тод болгосноор хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэдэг. Эцсийн өмчлөгчийн мэдээллийг цуглуулан, холбогдох бүртгэлийг бий болгож байгаа нь маш зөв алхам бөгөөд тэр нь олон нийтэд ил тод байж, задлан шинжилгээнд орсноор татвар төлөхөөс зайлхийх, авлигын эрсдлээс сэргийлэх томоохон ажил болно. Иймд мэдээллийг олон нийтэд нээлттэй байлгах нь чухал хэдий ч бас өгөгдлийн үнэн зөв байдлыг хангах, шалгаж нягтлах нь чухал юм.

Монгол Улсын ОҮИТБС-ын баталгаажуулалт нь 2022 оны 1-р сарын 1-нд эхлэх тул наана нь Эцсийн өмчлөгчийн мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох талаар Монгол Улсын Засгийн газар, оролцогч талууд ажиллана гэдэгт найдаж байна.

Өнөөдрийн вебинарт Эцсийн өмчлөгчийн талаар гарч дэлхийн сайн туршлагыг танилцуулна. Мөн Нээлттэй өмчлөлийн стандартын мэдээллийг танилцуулна. Мэдээж Монгол Улсын хийж хэрэгжүүлсэн ажлын ахиц дэвшилтэй танилцана. Өнөөдрийн үйл ажиллагааны хүрээнд олон мэдээлэлтэй болохын хамт, цаашид өөрчлөлт хийхэд ямар арга хэмжээ авах талаар нэгдсэн ойлголттой болно гэж найдаж байна.

Ингээд Монгол Улс албан ёсоор ОҮИТБС-ын Нээлттэй олборлох үйлдвэрлэлийн хөтөлбөрт нэгдсэнийг мэдэгдэж миний бие баяр хүргэж байна. Үүнд нэгдсэнээр компанийн эздийг ил тод болгох ажлыг сайжруулах дэлхий дахины хамтын ажиллагаанд оролцож, ОҮИТБС-ыг хэрэгжүүлэгч бусад 13 орны нэгэн адил техникийн туслалцаа авах юм. ОҮИТБС нь Нээлттэй өмчлөгчтэй хамтран ажиллаж, холбогдох улс орнууд шаардлагатай техникийн туслалцаа авч, улмаар эцсийн өмчлөгчийг ил тод болгох ажлаа сайжруулахад хамтарч ажиллана. Бид Та бүхэнтэй энэхүү тоглоомын дүрмийг өөрчлөх хөтөлбөрт хамтран ажиллана гэдэг итгэлтэй байна.

Миний бие эцсийн өмчлөгчийн ил тод байдлын талаар хүчин чармайлт гаргаж буй Та бүхэнд талархлаа илэрхийлье. Үр дүнтэй вебинар болно гэдэгт туйлын итгэлтэй байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд eitimongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Холбоотой мэдээлэл

Харилцагч түншүүд