Монголын ОҮИТБС-ын Ажлын хэсгийн 55 дугаар хуралдаан энэ сарын 30-нд буюу лхагва гарагт цахимаар болж өндөрлөлөө.
Хуралдааныг УУХҮЯ-ны Судалгаа, хөрөнгө оруулалтын газрын Статистик судалгааны хэлтсийн дарга Б.Дэлгэржаргал удирдан явуулж, Монголын ОҮИТБС-ын 2021 оны үйл ажиллагааны эхний хагас жилийн төлөвлөгөөний биелэлт, сүүлийн хагас жилийн үйл ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ.
ОҮИТБС-ын 2020 оны тайлагналын ажлын зохион байгуулалт, Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төслийн явц, орон нутгийн ОҮИТБС-ын Дэд зөвлөлүүдийг чадавхжуулахад чиглэсэн ажлууд, уян хатан нэгтгэл тайланг боловсруулах, тайлагналын нэгдсэн системийг сайжруулах зэрэгтэй холбоотой сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа болон бусад үйл ажиллагааны талаар Ажлын албаны дарга Ш.Цолмон Ажлын хэсгийн гишүүдэд мэдээлэл өгөв.
Үүнээс гадна олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг улам нэмэгдүүлэх, түүхэн өгөгдөл мэдээллийн ашиглалтыг бүх түвшинд сайжруулах зорилгоор Монголын ОҮИТБС-ын тайлангийн маягтыг шинэчлэх төлөвлөгөөний төслийг АХБ-ын Олборлох салбарын засаглалыг сайжруулах төслийн зохицуулагч З.Баярхүү танилцууллаа. Тайлангийн маягтыг шинэчлэх дэд ажлын хэсгийг 55 дугаар хуралдааны үр дүнд байгуулахаар болов.
Мөн Монголын ОҮИТБС-ын Ажлын албаны энэ оны эхний хагас жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу тавдугаар сарын 27-28-нд зохион байгуулсан “Төвийн бүсийн олборлох салбарын ил тод байдал-IV” цахим чуулганаар гарсан зөвлөмжийг танилцуулж, хэлэлцүүллээ.
Төвийн бүсийн чуулганаас гарсан зөвлөмжтэй эндээс танилцах боломжтой.
Ажлын хэсгийн 55 дугаар хуралдааны үеэр “Байгалийн нөөцийн засаглалын хүрээлэн” ТББ-аас “Олборлох салбар дахь авлигыг оношлох нь” үнэлгээний ажлаа танилцуулж, ОҮИТБС-ын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төслийг боловсруулахаар боллоо.