Олборлогч компаниудын хандив 2020 онд ₮45.9 тэрбумд хүрэв

6 сарын 25, 2021
2422
Олборлогч компаниудын хандив 2020 онд ₮45.9 тэрбумд хүрэв

Ковид-19 цар тахлын улмаас улсын төсвийн орлого тасалдаж, нийгмийн халамж болоод эрүүл мэндийн зардал эрс өссөн 2020 онд уул уурхай, газрын тосны компаниудаас төрийн болон орон нутгийн захиргаа, төсвийн байгууллагуудад өгсөн хандив, дэмжлэг сүүлийн 7 жилийн дээд түвшинд хүрчээ.

Монголын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-ын нээлттэй өгөгдлөөс харахад олборлох салбарын компаниудаас нийгмийн хариуцлагын хүрээнд өгсөн хандив, дэмжлэгийн дүн 2020 онд 45.9 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна. Энэ нь цар тахлын үед 459 мянган хүүхдийн нэг сарын ХҮҮХДИЙН МӨНГӨН тэтгэмжтэй тэнцэх дэмжлэг юм. Мөн ийм хэмжээний мөнгөөр коронавирусын халдвараар хүндэрсэн 10600 гаруй өвчтөнийг эрчимт эмчилгээний тасагт эмчлэх боломжтой.

Өнгөрсөн хугацаанд олборлох салбараас төр, орон нутаг, төсвийн байгууллагуудад өгсөн хандив, дэмжлэгийн дунджаар 60 гаруй хувийг “Оюутолгой” ХХК дангаараа бүрдүүлдэг байв. Өөрөөр хэлбэл, хандив, дэмжлэгийн 30 хүрэхгүй хувь нь бусад олборлогчоос бүрддэг байсан бөгөөд тус хэмжээ 2020 онд 67.5 хувь болж өсчээ.

“Оюутолгой” ХХК-аас бусад компанийн хандивын мэдээллийг он тус бүрээр нь салгаж харвал доорх графикт байгаа компаниуд хандив, дэмжлэгийн 70-80 хувийг бүрдүүлсээр ирсэн аж.

Хандивын нээлттэй өгөгдлийн 2014 оноос хойшхи мэдээллийг шүүж үзвэл 2015 онд хандив, дэмжлэг 40 тэрбум төгрөг давж байв. Энэ үед хандивын 90 гаруй хувийг “Оюутолгой” ХХК өгчээ. Тэгвэл дэлхийн зах зээл дээр түүхий эдийн ханш сул байсан 2015-2016 онд “Оюутолгой” ХХК-аас бусад уул уурхай, газрын тосны компаниудын төрийн байгууллагад өгсөн хандив дэмжлэг 2.5-4.2 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байлаа. Мөнгөн болон мөнгөн бус хандив, дэмжлэгийн хэмжээ 2018 оноос эрчимтэй нэмэгдсэн байна.

Жич: Монголын ОҮИТБС-ын 2020 оны тайланд аудитын баталгаажуулалт хийгдсэний дараа 2020 оны тоон мэдээлэл шинэчлэгдэх бөгөөд уг оноос өмнөх нь аудитлагдсан мэдээлэл болно.

Хандивын нээлттэй өгөгдлийг эндээс татаж авна уу.

 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд eitimongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Холбоотой мэдээлэл

Харилцагч түншүүд