Олборлох салбарын бизнесийнхний үйл ажиллагааг өгөгдөлд суурилан дэмжинэ

6 сарын 07, 2021
777
Олборлох салбарын бизнесийнхний үйл ажиллагааг өгөгдөлд суурилан дэмжинэ

Олборлох салбарын ил тод байдлыг хангахад өгөгдөлд суурилсан үйл ажиллагаагаар бизнес эрхлэгчдийг дэмжих санаачилга гарлаа.

Эдийн засгийн тулгуур болсон олборлох салбарын ил тод байдлын чиг хандлага, өөрчлөлтийн талаар өнөөдөр УУХҮЯ, Монголын ОҮИТБС-ын Ажлын алба, “Транспэрэнси Интернэшнл Монгол” ТББ хамтран бизнесийн төлөөлөл, мэргэжлийн холбоодод мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Сургалт хэлэлцүүлгийн үеэр ОҮИТБС-ын 2019 оны шинэ стандарт цаашдын чиг хандлагын талаар Ажлын албаны зохицуулагч Ш.Цолмон мэдээлэл өгч, ил тод үйл ажиллагааны жилээс жилд сайжирч буйг онцоллоо. Харин ил тод бизнесийн үйл ажиллагааг сайжруулахад мэргэжлийн холбоод, бизнесийн байгууллагуудтай цаашид улам нягт хамтран ажиллах талаар Монголын ОҮИТБС-ын төслийн зохицуулагч З.Баярхүү санал тавьж, ил тод тайлангийн цахим порталын талаар Ажлын албаны мэдээллийн технологийн зөвлөх В.Нармандах МҮХАҮТ, “Монголын бизнесийн зөвлөл”, “Нүүрс Ассоциац”, МУУҮА, “Монголын жонш үйлдвэрлэгч, экспортлогчдын холбоо”-ны удирдлагуудад мэдээлэл өглөө.

 

Мөн бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх төслийн талаар “Транспэрэнси Интернэшнл Монгол” ТББ оролцогчдод танилцууллаа.

Хэлэлцүүлгийн үеэр салбарын ил тод байдлыг сайжруулах нэг боломж нь ил тод үйл ажиллагаатай компаниудыг урамшуулах, өгөгдөлд суурилсан үнэн зөв мэдээллээр нийгмийн ойлголтыг нэмэгдүүлэх явдал гэдгийг талууд онцлов.

ОҮИТБС-ын 2006 оноос хойш цугласан мэдээллийг ашиглах замаар энэхүү арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бөгөөд салбарын яам манлайлж оролцохоо илэрхийллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд eitimongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Холбоотой мэдээлэл

Харилцагч түншүүд