Нийтийн баялгийн тухайн орон нутаг дахь өгөөжийг нэмэгдүүлэхэд уул уурхайн компаниудтай байгуулдаг хамтын ажиллагааны гэрээний нөхцөл тодорхой, улмаар хэрэгжилт, үр дүнг нь хэмжих боломжтой байх ёстойг өнөөдөр үндэсний хэмжээнд зохион байгуулсан “Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээ байгуулах, хэрэгжилтийг хянах, дүгнэх” цахим дадлага сургалтаар онцоллоо.
Орон нутгийн удирдлага болон тухайн бүс нутагт ашигт малтмалын олборлох үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд хоорондоо Засгийн газрын 2016 оны 179 дүгээр тогтоолоор баталсан гэрээний загварын дагуу хамтын ажиллагааны гэрээ байгуулдаг. Харин тэрхүү гэрээний нөхцлийг сайжруулж, газрын баялгийн өгөөжөө нэмэгдүүлэх боломж нь орон нутгийн удирдлагуудын чадавхаас ихээхэн шалтгаалдгийг ОҮИТБС-ын Ажлын алба болон “Нээлттэй нийгэм форум” ТББ, “Хил хязгааргүй эвсэл” ТББ, “Оюутолгой” ХХК хамтран зохион байгуулсан тус арга хэмжээний үеэр мэргэжилтнүүд хэлж байв.
Сургалтад 21 аймаг, сумдын ЗДТГ, Байгаль орчны газрын эрх бүхий албан тушаалтнууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн 90 орчим хүн оролцлоо.
ОҮИТБС-ын Ажлын албаны зохицуулагч Ш.Цолмон олон улсад нийтийн баялгийн үр өгөөжийг орон нутагт хүртээхэд хамтын ажиллагааны гэрээнд мөрдөх стандарт, улс орнуудын туршлагын талаар илтгэл тавьсан бол “Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан хамтын ажиллагааны гэрээний агуулга, хамрах хүрээ ямар байх талаар мэдээлэл хуваалцав
ОҮИТБС-ын өгөгдлийн сангийн мэдээллээр тухайн орон нутагтаа өгч буй хандив дэмжлэг нь уул уурхайн компаниудаас төрийн байгууллагын дансанд ордог мөнгөн урсгалд нэлээд хувь эзэлдэг. 2019 оны аудитлагдсан мэдээллээс харахад олборлох салбарын 71 компани нийт 18 компанит 33.8 тэрбум төгрөгийн хандив, дэмжлэг үзүүлсэн талаар ОУСК- ийн D2D хөтөлбөрийн зохицуулагч Б.Дэлгэрмаа дүн шинжилгээ танилцуулав. Энэ их мөнгөний урсгалыг нутаг орныхоо хөгжилд зарцуулахад орон нутгийн хамтын ажиллагааны гэрээг ямар үйл явцын дагуу байгуулах нь оновчтой талаар “Нээлттэй нийгэм форум” ТТБ-ын засаглалын менежер Д.Эрдэнэчимэг оролцогчдод тайлбарласан юм.
Мөн “Оюутолгой” ХХК- ийн орон нутгийн асуудал хариуцсан ерөнхий менежер Г.Сугар өөрийн компанийн хамтын ажиллагааны бодит сургамж, орон нутагтаа урт хугацааны тэнцвэртэй хөгжил бий болгоход хандив дэмжлэгийн ямар бодлого баримталдаг талаар илтгэл тавив.
Үндсэн илтгэлүүд хэлэлцсэний дараа оролцогчид Засгийн газрын 179 дүгээр тогтоолын дагуу гарсан загвар гэрээний нөхцлийг сайжруулах дадлага хийлээ. Оролцогчид уул уурхайн компаниуд, төрийн байгууллага, иргэний нийгэм, иргэд гэсэн дөрвөн талын байр сууринаас гэрээний нөхцлийг сайжруулах санал дүгнэлтээ хуваалцав. Орон нутагтай байгуулж буй хамтын ажиллагааны гэрээний зүйл заалтууд тодорхой байх тусам хэрэгжих боломж илүү байх аж. Тухайлбал, тухайн орон нутагт ажлын байр бий болгоно гэсэн ерөнхий заалтын оронд чухам хэчнээн ажлын байр бий болгохыг яг таг тусгах, дүйцүүлэх нөхөн сэргээлт хийнэ гэж ерөнхий заалт оруулснаас ойн зурвас байгуулах, таримал ургамал тариалах гэх зэргээр илүү тодорхой болгох нь ач холбогдолтой юм байна. Мөн компаниуд болон орон нутгийн удирдлагуудын зүгээс хэн хэнийхээ ажилд дэмжлэг үзүүлэх хөшүүргүүдийг тусгах хэрэгтэй бол иргэд болон иргэний нийгмийн байгууллагууд гэрээний хяналтын хороонд орж ажиллах нь оновчтой аж.
Мөн хамтын ажиллагааны гэрээ бүл www.iltodgeree.mn цахим хуудас болон тухайн аймаг, сумын албан ёсны цахим хуудаст байршиж, нээлттэй байх ёстой.
Энэ удаагийн цахим сургалт нь орон нутагт ил тод, үр дүнтэй гэрээ байгуулахад төрийн албан хаагчид, иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхжуулах, гэрээний ил тод байдлыг сайжруулах зорилготой бөгөөд ОҮИТБС-ын Facebook Page-ээр live цацагдлаа.