ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САНГ ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛАХ ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО

2 сарын 02, 2021
280
ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САНГ ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛАХ ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО

Уул уурхайн яам, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Адам Смит Интернэйшл байгууллага, ОҮИТБС-ын ажлын алба хамтран "ОҮИТБС-ын Цахим мэдээллийн нэгдсэн сан"-г олон нийтэд танилцуулах зорилгоор 2016 оны 4 сарын 20-ны өдөр Хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Хэвлэлийн бага хуралд ОҮИТБС-ын Үндэсний зөвлөл, Ажлын хэсгийг төлөөлөн Уул уурхайн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын Эдийн засаг, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Н.Энхбаяр, Улсын бүртгэл, статистикийн газрын ахлах мэргэжилтэн Х.Ариунаа, МУУҮА-ийн ерөнхийлөгч Н.Алгаа, Төлсөн авснаа нийтэл эвслийн гишүүн Л.Төр-од, Д.Цэрэнпүрэв, МБОИЗ-ийн УЗ-ийн гишүүн Б.Батболд, ОҮИТБС-ын ажлын албаны зохицуулагч Ш.Цолмон нар болон "Цахим мэдээллийн нэгдсэн сан" төслийн санхүүжүүлэгч болон багийг төлөөлж Европын сэргээн босголт хөгжлийн банкны ахлах зөвлөх Пол Моффат, Адам Смит Интернэйшнл байгууллагын ахлах менежер Жулиа Бакстер, Интерактив ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ууганбаяр нар оролцож, мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултуудад хариуллаа.

Цахим мэдээллийн нэгдсэн санг хөгжүүлэх болсон гол хэрэгцээ, шаардлага зорилго нь Монгол Улс ОҮИТБС-д нэгдэн орсон 2006 оноос хойш нийтдээ 9 жилийн тайланг хэвлэн нийтэлж, дэлхийн болон монголын олон нийтийн хүртээл болгосон боловч энэ их мэдээллийг урьд өмнө нь цаасан байдлаар тайлагнахад материал их зарцуулах, хугацаа алдах, төрөл бүрийн техникийн алдаа гарах, мэдээллийн ач холбогдол, хүртээмж буурах зэрэг хүндрэлүүд гарч байсан тул ОҮИТБС-ын тайланг цахимаар тайлагнах, цугларсан мэдээллийг олон нийтэд хурдан, шуурхай хүргэх, мэдээллийн ач холбогдлыг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын цахим тайлагналын системийг нэвтрүүлэх” төслийг Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүгийн дэмжлэгтэйгээр, Адам Смит интернэйшнл хүрээлэнгийн техник туслалцаатайгаар Монгол Улсын Интерактив ХХК-ийн ХХК 2014-2015 онд гүйцэтгэж, системийг ашиглалтанд оруулаад байна.

Уул уурхайн салбартай холбоотой тухайлбал тусгай зөвшөөрөл, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалт, төлсөн татвар төлбөр, хандив, дэмжлэг зэрэг өргөн цар хүрээний мэдээлэл нэг дор төвлөрч, иргэн, байгууллагын хэн ч хаанаас ч сонирхсон мэдээллээ янз бүрийн хэлбэрээр авах боломжтой болсон нь ОҮИТБС-ын Цахим мэдээллийн нэгдсэн сангийн гол ач холбогдол юм.

Дашрамд дурьдахад 2016 оны 2 дугаар сард Перу улсад зохион байгуулагдсан ОҮИТБС-ын Олон улсын бага хурлын үеэр Монгол Улс “мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлснийхээ” төлөө ОҮИТБС-ын даргын нэрэмжит шагналыг хүртсэн юм. 

Хэвлэлийн бага хурлын хөтөлбөрийг хавсаргав.

PDF icon Press conference_eReporting_2016 04 20.pdf

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд eitimongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Холбоотой мэдээлэл

Харилцагч түншүүд