Эрдэс баялгийн гэрээний мэдээллийн цахим сангийн нээлт боллоо

Эрдэс баялгийн салбар дахь гэрээний ил тод байдал, гэрээний мэдээллийн цахим сангийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хурлын танхимд боллоо. Уг арга хэмжээний хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Олборлох үйлдвэрлэлийн засаглалыг  сайжруулах төслийн ажлын алба, Нээлттэй нийгэм форумын хооронд Эрдэс баялгийн салбарт гэрээний ил тод  байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллах, харилцан ойлголцлын Санамж бичигт байгуулсан юм. 

Гарын үсэг зурах ёслолд нэг талаас УУХҮЯ-ыг төлөөлж Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, нөгөө талаас ОҮИТБС-ийн Ажлын албаны зохицуулагч Ш.Цолмон болон ННФ-ын гүйцэтгэх захирал П.Эрдэнэжаргал нар гарын үсэг зурлаа. 

Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого болон ОҮИТБС-ыг хэрэгжүүлэх хүрээнд гэрээний ил тод байдлыг хангах чиглэлээр талууд 2014 оноос хамтран ажилласны үр дүнд Эрдэс баялгийн гэрээний мэдээллийн цахим сан буюу (www.iltodgeree.mn) байгуулснаа олон нийтэд танилцуулж, албан ёсны нээлтээ хийж буйг ОҮИТБС-ынхан  тодотголоо.  

УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал “Гэрээний эрх зүйн хэм хэмжээ, уул уурхайн салбарын олборлогч аж ахуйн нэгжүүдийн гэрээний ил тод байдлыг хангах чиглэлээр хийгдэж байгаа маш чухал ажил бол энэ цахим сан. Бид анх удаа ийм мэдээллийн санг зохион байгуулж байна. Цаашид төрийн өмчит болон төрийн бус компаниудын орон нутгийн байгууллагуудтай хийсэн гэрээний ил тод байдал цахим хуудсанд байрших юм. Цаашид тухайн компанийн бүтээгдэхүүний тоо хэмжээ, улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлж байгаа хөрөнгө оруулалт зэрэг бүх талын гэрээнүүдийг  цахим хуудсанд байршуулах болно” хэмээн тодотголоо. 

Энэхүү мэдээллийн санд одоогоор Хөрөнгө оруулалтын гэрээ, Бүтээгдэхүүн хуваах гэрээ, Орон нутгийн хамтын ажиллагааны болон газар, ус ашиглах зэрэг 35 гэрээг байршуулжээ. Цаашид Санамж бичгийн дагуу олборлох үйлдвэрлэлийн салбарт байгуулагдсан бүх гэрээг мэдээллийн цахим санд татан байршуулах замаар олон нийтэд ил болгох, гэрээний ил тод байдлыг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр талууд хамтран ажиллах болж байна. 

Мэдээллийн цахим сангаар дамжуулан олборлох салбарт байгуулагдсан гэрээг нийтэд ил тод болгож байгаа нь салбарын ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлэх, авлига, хээл хахууль ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд зохих хувь нэмрээ оруулахаас гадна хөрөнгө оруулалтыг татах замаар улс орны эдийн засгийн хөгжилд томоохон ахиц дэвшил авчрах юм.

“Нээлттэй нийгэм форум”-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Эрдэнэчимэг эрдэс баялгийн гэрээний мэдээллийн сангийн талаар товч мэдээллийг өгсөн юм.  Тэрээр, www.iltodgeree.mn, www.resourcecontracts.mn гэсэн хоёр домэйн нэртэй сайтын  алинаар нь ч хандсан цахим сонин руугаа шууд холбогдож орно. Уг цахим сонингоос эрдэс баялгийн салбарт байгуулагдсан гэрээний эх бичвэрүүдыг PDF хэлбэрээр татаж авах боломжтой. Бүтээгдэхүүн хуваах гэрээ, Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээний батлагдсан загварууд, тухайн гэрээний хэрэгжилтийг дүгнэсэн тайлангийн протокол, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, уурхайн хаалтын төлөвлөгөө, тухайн төсөлтэй холбогдох мэдээ баримт, гэрээний тайлбарууд, холбогдох хууль тогтоомж  зэрэг мэдээллийг авч болох аж.     
   
Европын Сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр Монголын Интерактив ХХК, Олон улсын Адам Смит хүрээлэн хамтран 2014 оноос хоёр үе шаттайгаар ашиглалтад оруулсан   ОҮИТБС-ын цахим тайлагналын системийг цаашид татвар, ашигт малтмалын асуудал эрхэлсэн холбогдох төрийн байгууллагуудын мэдээллийн системтэйгээр холбохоор ажиллаж байгааг ОҮИТБС-ын Ажлын албаны зохицуулагч Ш.Цолмон танилцууллаа. 

2017 онд уул уурхайн компаниудын жинхэнэ эздийг ил тод болгох-Замын зураг хөтөлбөр, ОҮИТБС-ын жишиг сум төслийг хэрэгжүүлэх, 2018 оны Монгол Улсын ОҮИТБС-ын дахин баталгаажуулалтад бэлтгэх, холбогдох нэмэлт ажлуудыг хэрэгжүүлэх, 2016 оны нэгтгэл тайланд нэгтгэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 

Сэтгэгдэл бичих

By submitting this form, you accept the Mollom privacy policy.

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг-14200, ЕС А.Амарын гудамж, Туушин ХХК-ийн байр, 314 тоот өрөө

Утас: +976-11-70110525

Факс: +976-70110155

Цахим шуудан: eiti.secretariat.mn@gmail.com, eiti.communication@gmail.com