ОҮИТБС-ын Олон улсын удирдах хорооны дарга хатагтай Клэйр Шорт Монгол улсад айлчиллаа

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын Олон улсын удирдах хорооны дарга хатагтай Клейр Шорт манай улсад энэ 6 дугаар сарын 4-нөөс 6-ны өдрүүдэд айлчлав. Айлчлалын үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг түүнийг хүлээн авч уулзлаа.

Хатагтай Клейр Шорт Монголд хоёр дахь удаагаа ирж байгаа бөгөөд уул уурхайн ил тод байдлыг дэлхий дахинд түгээх, улмаар энэ салбарт гардаг татвараас зугатах, авлигал зэрэг сөрөг үр дагавараас зайлсхийх аргачлалыг түгээн дэлгэрүүлэх, цаашдаа энэ салбарын мэргэжилтнүүдийг чадавхижуулах, үйл ажиллагааг нь сайжруулах, тодорхой баримттай тоон мэдээллийг ил тод болгоход гол анхаарлаа хандуулж байна гэдгээ уулзалтын эхэнд танилцууллаа.

Ерөнхий сайд хатагтай Клейр Шортыг Монголд айлчилж байгаад талархал илэрхийлээд “Монгол Улс уул уурхайн салбараа ил тод, нээлттэй болгоход анхаарч байна. УИХ-д уул уурхайн олборлолтын ил тод байдлын тухай хуулийг өргөн барьсан. Энэ хууль батлагдсанаар хууль эрх зүйн орчин илүү сайжрах боломжтой. Мөн энэ салбарын талаар иргэдэд тоо баримттай зөв мэдээлэл өгөх, үр дүнг нь зөв ойлгуулахад үйл ажиллагаагаа чиглүүлж байна.

Орон нутагт уул уурхайгаа ашиглахад иргэд нь үр ашгийг нь хүртдэг, төсөвт нь тодорхой хувь нь үлддэг болгосноор уул уурхайгаа ашиглах сонирхол нэмэгдэнэ гэдгийг хэллээ.

Уул уурхайн төрийн өмчит компанийн үйл ажиллагаанд Засгийн газар ямар бодлого баримталж байгааг сонирхсон Клейр Шортын асуултад Ерөнхий сайд “Сингапурын Темасек загварыг Монголд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ нь зөв удирдлага аргачлалд орох, улсын баялгийн санг зөв захиран зарцуулах арга болно. Гэхдээ эцсийн үр дүнд уул уурхайгаа дэмжиж энэ салбар дээрээ дөрөөлж цаашдын тогтвортой хөгжлийг бий болгох нь чухал. Үүнд Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга ихээхэн үр дүнгээ өгнө гэж үздэгээ илэрхийллээ. 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзсаны дараагаар хатагтай Клэйр Шорт иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж тэдэнтэй уул уурхайн салбар дахь иргэдийн оролцоо, ил тод байдлын талаар санал солилцож, нээлттэй ярилцав. Дараа нь ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлийн 13 дугаар хуралдаанд оролцож, санаачилгын Монгол улс дахь хэрэгжилт, явцтай танилцлаа. Маргааш нь буюу 6 сарын 5-ны өдөр хатагтай Клэйр Шортын айлчлалын баг дэвшилтэт техник технологи бүхий гадаадын хөрөнгө оруулалттай компани орон нутагтайгаа хэрхэн хамтарч ажилладагийг бодитоор харах зорилгоор Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байрлах Бороо гоулд компанийн үйл ажиллагаатай танилцаж, удирдлагуудтай нь уулзлаа. Үдээш хойш Баянгол сумын Соёлын төвд сумын иргэд, нутгийн удирдлага, тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдийн оролцсон ОҮИТБС-ын өдөрлөгт оролцож, орон нутаг дахь нөхцөл байдалтай танилцав. Өдөрлөгийн төгсгөлд тэрээр "Орон нутгийн иргэд өнөөдрийн уулзалт, өдөрлөгт идэвхтэй оролцоод, тулгамдаж буй асуудлуудаа чөлөөтэй илэрхийлсэн явдалд та бүгдээр бахархаж байна. Танай улсад ардчилал сайн бэхэжсэн юм байна, ард иргэд нь чөлөөтэй, шударгаар саналаа илэрхийлж, удирдлага нь ний нуугүй асуудалд хариулж, хоорондоо харилцаж, ажлаа шийдвэрлэж чаддаг юм байна. Өнөөдрийн уулзалт та бүхний харилцаанд хувь нэмэр оруулсан байх гэж найдаж байна. ОҮИТБС хэрэгжсэнээрээ уул уурхайн салбарыг эцсийн бүлэгт ард иргэдэд өгөөжтэй байлгах явдал юм" гэдгийг онцлов. Төгсгөлд нь 2 өдрийн айлчлалын дараах сэтгэгдэлээ Үндэсний шуудан сонин, Монголиан майнинг журналын сэтгүүлчидтэй хуваалцсан юм.

Ийнхүү 2 өдрийн туршид хатагтай Клэйр Шорт манай улсын төр засгийн удирдлагууд, бодлогын зөвлөл, иргэний нийгэм, олборлох үйлдвэрлэл эрхлэгч зэрэг оролцогч бүх талуудтай уулзаж, орон нутгийн нөхцөл байдалтай танилцаж өргөн хүрээнд айлчлал хийгээд буцлаа.

Айлчлалын үеийн фото агшинг эндээс үзнэ үү.

Үндэсний шуудан сонинд өгсөн "Уул уурхай тогтвортой салбар биш, гэхдээ тогтвортой хөгжилд хүрэхэд ашиглаж болно" ярилцлагыг эндээс уншина уу.

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг-14200, ЕС А.Амарын гудамж, Туушин ХХК-ийн байр, 314 тоот өрөө

Утас: +976-11-70110525

Факс: +976-70110155

Цахим шуудан: eiti.secretariat.mn@gmail.com, eiti.communication@gmail.com