Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхээр боллоо

УИХ-ын чуулганы 2015 оны 2-р сарын 6-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Уул, уурхайн сайд Р.Жигжид дээрх хуулийн төсөл эрдэс баялгийн салбарын ил тод байдлын эрх зүйн шинэ орчныг бүрдүүлэхэд чиглэсэн хэмээн танилцуулсан бөгөөд Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа уншиж сонсгосон. Эдийн засгийн байнгын хороо хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, хуулийн төсөл батлагдсанаар уул уурхайн салбарын компаниудын үйл ажиллагааг ил тод, хариуцлагатай болгож, тэдгээрийн талаарх мэдээллийг нэг цэгт төвлөрүүлж, олон нийтэд нээлттэй байлган, нөхөн сэргээлт, байгаль орчны үнэлгээний чиглэлээр тодорхой ахиц гарна хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн Д.Зоригт, уул уурхайн чиглэлээр бүх түвшинд хэл ам дагуулж ирсэн ужиг асуудлыг энэ хуулиар зохицуулах боломж бүрдэнэ гэж үзэж байгаагаа илэрхийлсэн хэмээн С.Одонтуяа гишүүн танилцуулгадаа дурдсан. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд Уул, уурхайн сайд болон Байнгын хорооноос асууж тодруулсан бөгөөд хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Эх сурвалж: УИХ-ын тамгын газар

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг-14200, ЕС А.Амарын гудамж, Туушин ХХК-ийн байр, 314 тоот өрөө

Утас: +976-11-70110525

Факс: +976-70110155

Цахим шуудан: eiti.secretariat.mn@gmail.com, eiti.communication@gmail.com