Үндэсний зөвлөлийн 12 дугаар хуралдаан Төрийн ордонд боллоо

Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлсэн Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-ын Үндэсний зөвлөл жил бүр ОҮИТБС-ын аудитын нэгтгэл тайлантай танилцаж, хэлэлцэн баталдаг уламжлалтай билээ. 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Төрийн ордны “Нутгийн удирдлага” танхимд Үндэсний зөвлөлийн ээлжит 12 дугаар хуралдаан зохион байгуулагдаж, Монгол Улсын ОҮИТБС-ын 2013 оны нэгтгэл тайлан, 2014 оны ажлын төлөвлөгөөний биелэлт, 2015 оны ажлын төлөвлөгөөг батлах асуудлуудыг хэлэлцлээ. Хуралдааныг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын Сайд С.Баярцогт нээж, төр, компани, иргэний нийгмийн тэнцүү төлөөлөл бүхий Үндэсний зөвлөлийн 25 гишүүд оролцлоо.

Монгол Улсын ОҮИТБС-ын 2013 оны нэгтгэл тайланг Англи улсын Харт нойрс лтд, Монголын Улаанбаатар аудит корпораци ХХК-ийн хамтарсан консорциум аудитын тулган баталгаажуулалт хийсэн бөгөөд тайлангаас гарсан гол дүгнэлтүүдийг тоймлоё.

2013 онд 1672 компани ашигт малтмалын, 14 компани цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж, 13 компани газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээг эзэмшиж нийт 1699 компани ОҮИТБС-ын тайлан гаргах үүрэгтэй байва. Үүнээс 2013 оны тайлангаа ашигт малтмалын 1188 компани, цацраг идэвхт ашигт  малтмалын 2 компани, газрын тосны 8 компани нийт 1198 компани улсын болон орон нутгийн төсөвт 1,593,905,002,000 төгрөг төлснөө тайлагнав. Үлдэх 501 компани тайлангаа гаргаагүй ба хууль, журмаа мөрдөхгүй, олон нийтэд хаалттай үлдэв. Тэгвэл Засгийн газар ОҮИТБС-ын тайлангаа 1617 компаниас 1,700,219,871,000 төгрөгийг хүлээн авснаар тайлагнав.

Үүнээс 40 сая төгрөгөөс дээш татвар, төлбөр төлсөн 250 компанийн тайланд буюу Засгийн газрын 1617 компаниас хүлээн авсан нийт орлогын 94%-д нь олон улсын аудитын тулган баталгаажуулалт хийж, тэдгээр 250 компани улсын төсөвт 1 их наяд 576 тэрбум төгрөгийн татвар, төлбөр төлснийг буюу улсын төсвийн урсгал орлогын 27 хувийг бүрдүүлснийг нотоллоо.

Аудитын нэгтгэлд хамрагдсан 250 компаниас эхний 20 компани л нийт төлбөрийн 93 хувийг бүрдүүлсэн байна. Тухайлбал: Эрдэнэт үйлдвэр ХХК-32%, Оюу толгой ХХК-13%, Петрочайна дачин тамсаг ХХК-12%, Монголын алт МАК ХХК-8%, Энержи ресурс ХХК-5%, Таван толгой ХК-4%, Эрдэнэс таван толгой ХК-3%, Бороо гоулд ХХК-3%, Болд төмөр ерөө гол ХХК-2%, Цайрт минерал ХХК-2% гэх зэрэг болно.

Татварын нэр төрлөөр нь авч үзвэл нийт төлбөрийн 72%-ийг 4 төрлийн татвар, төлбөр бүрдүүлж байна. Үүнд: 31%-ийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон нэмэлт төлбөр (роялти), 18%-ийг ААНОАТ, 12%-ийг Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Засгийн газарт төлсөн урьдчилгаа төлбөр, 11%-ийг НӨАТ тус тус бүрдүүлжээ. Урсгалаар нь авч үзвэл нийт төлбөрийн 92% нь улсын төсөвт, 5% нь орон нутгийн төсөвт, 2% нь төр засгийн байгууллагуудад хандив, дэмжлэгийн орлогыг бүрдүүлсэн байна. Орон нутагт төлөгдсөн нийт 82 тэрбум 980 сая төгрөгийн төлбөрийн 52% нь Өмнөговь аймагт, 15% нь Орхон аймагт, 14% нь Булган аймагт тус тус төвлөрсөн байна.

Төрийн байгууллагуудад өгсөн 39 тэрбум 196 сая төгрөгийн хандив тусламжийн 43%-ийг (16,7 тэрбум төг) Өмнөговь аймагт, 29%-ийг (11,5 тэрбум төг) Мэргэжлийн боловсролын сургалтын газарт, 11%-ийг (4,2 тэрбум төг) Налайх дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд, 5%-ийг (1,8 тэрбум төг) Төв аймагт, 3%-ийг (1 тэрбум төг) Сүхбаатар аймагт тус тус хандивласан байх ба үлдэх 10%-ийг (4 тэрбум төг) бусад аймаг, төрийн байгууллагуудад хандивласан байна.

2013 онд 1,4 тэрбум төгрөгийн байгаль хамгаалах зардлын урьдчилгаа 50 хувийн төлбөрийг дансанд төвлөрүүлсэн байна. Энэ нь 2012 онтой харьцуулахад нэг тэрбум төгрөгөөр буурсан байна.

Засгийн газрын хүлээн авсан дүн, компанийн төлсөн дүнг тулган шалгахад 2013 онд 37 сая төгрөгийн тайлбарлагдаагүй цэвэр зөрүү үүссэн бөгөөд зөрүү бүрийн шалтгааныг нэгтгэлийн тайланд тодорхой дурьдсан байна. Засгийн газар талаас шалтгаалан шийдэгдээгүй үлдсэн зөрүүний 67%-ийг (-156 сая.төг) орон нутгийн засаг захиргааны байгууллага, 29%-ийг (-67 сая.төг) Гаалийн ерөнхий газар, 4%-ийг (-9 сая.төг) Сангийн яам эзэлж байна.

Компани талаас шалтгаалан шийдэгдээгүй үлдсэн зөрүүний 64%-ийг (160,7 сая.төг) Монголболгаргео ХХК, 23%-ийг (58 сая.төг) Юүшэнгминг ХХК, 5%-ийг (12 сая.төг) Кожеговь ХХК, 4%-ийг (10 сая.төг) Эм Ди Эф И ХХК тус тус эзэлж байна.

250 компанийн тайланг тулган баталгаажуулахад мэдээлэл гаргаж өгөхгүй хойрго хандаж, ихээхэн хүндрэл учруулсан төрийн байгууллагууд, компаниудад аудитын байгууллага оролцооны үнэлгээ өгдөг. Хангалтгүй/муу үнэлгээ авсан компаниудыг дурьдвал Монголболгаргео ХХК, Бужгар орд ХХК, Угалзан цамхаг ХХК, Юүшэнгминг ХХК, төрийн байгууллагуудаас Гаалийн ерөнхий газар, БГД, СБД-ийн татварын хэлтэс, СХД-ийн өмч, газрын  харилцааны алба, СБД, ЧД-ийн нийгмийн даатгалын хэлтэс тус тус хангалтгүй үнэлгээ авсан байна.

Энэ удаагийн аудитын нэгтгэлийн ажил мэргэжлийн өндөр түвшинд хийгдэж, дан ганц төлбөр, орлогыг нэгтгэн баталгаажуулахаас гадна олборлох компаниудын ашиг хүртэгч эзэд, ажиллах  хүчний судалгаа, орон нутгийн захиргаатай байгуулсан гэрээ, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн ТУЗ-ийн хараат бус гишүүдийн судалгаа, дэд бүтцийн хөрөнгө оруулалт, уулын ажлын төлөвлөгөөний биелэлт гэх зэрэг ОҮИТБС-ын стандартад заасны дагуу өргөн хүрээнд судалгаа явуулж, хөндлөнгийн дүгнэлт өгч, Монгол Улс цаашид байгалийн баялгаас орж буй орлогыг бүрэн нягтлах, орлого менежментийн засаглалыг сайжруулах чиглэлээр үнэтэй зөвлөмжүүдийг өгсөн болно.

Үндэсний зөвлөлийн хуралдаанаар 2013 оны нэгтгэлийн тайлангаас гадна 2014 оны ажлын төлөвлөгөөний биелэлт, 2015 оны ажлын төлөвлөгөөний төслийг хэлэлцэн баталлаа. 2015 онд ОҮИТБС-ыг Монгол Улсад хэрэгжүүлэх зорилтын хэд хэдэн томоохон ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Тухайлбал: “Эрдэс баялгийн ил тод байдлын тухай” хууль батлуулах, орон нутгийн түвшинд ОҮИТБС-ын дэд зөвлөлийн чадавхийг бэхжүүлэх, бүсийн болон Үндэсний чуулганыг зохион байгуулах, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх компанит ажил зохион байгуулах, 5-р сард ОҮИТБС-ын Олон улсын удирдах хорооны дарга хатагтай Клэйр Шортыг хүлээн авах, 11-р сард ОҮИТБС-ын Олон улсын баталгаажуулалт буюу чанарын шалгалтад орох, уул уурхайн салбарын орлогыг тусад нь бүртгэх асуудлаар, байгаль орчныг нөхөн сэргээх барьцаа төлбөр, мониторинг хийх асуудлаар, аудитын нэгтгэлийн үеэр аудитын байгууллагад гаргаж өгөх шаардлагатай мэдээллийн жагсаалт боловсруулж, түүнийг нэг стандарт, маягтад оруулах асуудлаар, эрдэс баялгийн салбарт байгуулагдсан гэрээ, түүний ач холбогдлыг судлах асуудлаар, уул уурхайн салбарын эхний топ 10 аж ахуйн нэгжүүдэд хууль жигд үйлчлэх асуудлаар тус тус төрөлжсөн 5 ажлыг хэсгийг байгуулж ажиллах гэх зэрэг болно.

Үндэсний зөвлөлийн хуралдааны тэмдэглэл

Монгол Улсын ОҮИТБС-ын 2013 оны нэгтгэл тайлан

ОҮИТБС-ыг Монгол Улсад хэрэгжүүлэх 2014 оны ажлын төлөвлөгөөний биелэлт

ОҮИТБС-ыг Монгол Улсад хэрэгжүүлэх 2015 оны ажлын төлөвлөгөө

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг-14200, ЕС А.Амарын гудамж, Туушин ХХК-ийн байр, 314 тоот өрөө

Утас: +976-11-70110525

Факс: +976-70110155

Цахим шуудан: eiti.secretariat.mn@gmail.com, eiti.communication@gmail.com