Хэтэвчиндээ хэдэн төгрөгтэйгөө хүн бүр мэддэг - ИРГЭДЭД УУЛ УУРХАЙН САЛБАР ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙНА УУ

Үндэсний шуудан сонин 2014.12.15 №240

Хэрвээ байгалийн баялгаа иргэддээ эн тэнцүү хуваавал Монгол Улс дэлхийд дээгүүрт жагсч, монголчууд хамгийн баянд тооцогдоно. Энэ жишгээр жагсаавал нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр арабууд биш, монголчууд толгой цохино. Гэвч энэ бүхэн бол геологийн судалгаагаар нөөцийг нь тогтоосон, газрын дор байгаа л баялаг. Гэхдээ л тогтоогдсон эдгээр баялгаа тус бүрд нь дэлхийн зах зээлийн ханшаар бодоход л Монгол шиг баян орон цөөхөн. Тийм учраас гаднынхан манай улсыг “Minegolia” гэдэг биз ээ.

Үнэндээ ч Монгол гэж суугаад боссон газраас нь баялаг олдох, улсаараа орчин цагийн “Эрдэнэсийн арал” энэ улсын баялаг хэний өмч вэ. Үндсэн хуулийн заалтаар бол байгалийн баялаг бол бүх ард түмэн-бидний өмч. Гэтэл бидний энэ өмч ямар хэмжээтэй, хаана байгааг, яаж ашиглахыг гадныхан мэдээд байдаг. Харин өмчийн эзэн монголчууд бид яагаад мэддэггүй юм бэ. Мэдээлэл нь хаалттай байна уу, мэдээллийг нийтэд хүргэх сүлжээ, суваг байхгүй байна уу. Жишээ нь, олон жил монголчуудыг тэжээж ирсэн “Эрдэнэт”-ийн нөөц хэд болох, одоо хэдэн жил ашиглах нөөц үлдэж байгаа, түүнийг нь юунд зарцуулахаар төлөвлөсөн талаар мэддэг иргэд хэд байгаа бол. Төр засгаас энэ талаар тусгайлан  мэдээлэл бэлтгэж иргэддээ хүргүүлсэн удаа бий бил үү. Оюутолгойн 34 хувийг Монголын засгийн газар эзэмшдэг л гэх юм. Энэ нь нийт баялгийн 34 хувь юм уу, эсвэл Оюутолгой гэж компанийн 34 хувь юм уу. “Эрдэнэт”-ээс тав дахин их нөөцтэй нь үнэн юм бол өмний говьд Эрдэнэтээс тав дахин том биш юмаа гэхэд одоогийн Эрдэнэтийн дайны хотыг сүндэрлүүлж яагаад болохгүй байгаа юм. Байгалийн баялаг үнэхээр л нийт ард түмний өмч мөн юм бол Оюутолгой, Тавантолгойгоос олж байгаа эдийн засгийн ашиг хаа холын Увс, Ховдод амьдарч байгаа иргэдэд яаж наалдаж байгаа юм бэ. Аймгуудыг нийслэлтэй холбож байгаа авто замын бүтээн байгуулалтад таны өмч болох байгалийн баялгаас олсон мөнгөнөөс зарцуулж байна уу, үгүй юү.  Энэ бүгдийг энгийн иргэд та мэдэх эрхтэй юү. Мэдээж эрхтэй, яагаад гэвэл Үндсэн хуулиар уул уурхайн баялаг бол нийт ард түмний өмч. Хэтэвчиндээ хэдэн төгрөгтэй, түүнийгээ хэрхэн зарцуулахаа хүн бүр мэддэг шиг өөрийнхөө өмч гэж үзэж байгаа баялгийн хэмжээ хуваарилалт, зарцуулалтыг монгол хүн бүр мэдэж байх эрхтэй. Иргэддээ мэдээлэх нь ч төрийн үүрэг. Өмнөх нийгмийн үед төрийн хэрэгт оролцсоныхоо төлөө бурууддаг байсан, харин ардчилсан нийгэмд төрийн хэрэгт хяналт тавих маягаар оролцоогүйнхээ төлөө хохирдог онцлогтой. Өөрөөр хэлбэл, мэдэх ёстойгоо мэдээгүйн буруутан нь та өөрөө, та бидний баялгийг мөнгө болгоод ашиг олж байгааг мэдээгүй бол бас л таны, миний буруу. Тийм учраас л уул уурхайн салбар нээлттэй, ил тод байх ёстой юм. Ер нь баялгийг ухахад,  газрын хөрсөн дээр гаргахад, боловсруулахад, зарж мөнгө болгоход бүгдэд нь мөнгө хэрэгтэй. Тэгэхдээ энэ бүх зардлаа тооцоод олсон ашгийнхаа хэдэн хувийг татварт төлж байгаа, орон нутгийн бүтээн байгуулалтад хэдийг зарцуулж байгааг бэлээхэн, цээжээрээ  мэддэг ганц улстөрчид байх албагүй. Тэд жирийн иргэдээс юугаараа илүү байна вэ гэвэл тэд илүү мэдээлэлтэй байна, тэдэнд мэдээлэл бэлтгэж өгч байна. Тэгвэл жирийн иргэдэд энэ мэдээлэл хаалттай, тэд мэдэх ёсгүй юү. Үгүй, гагцхүү жирийн иргэд ч УИХ-ын гишүүний нэгэн адил нээлттэй мэдээлэлтэй байж гэмээнэ тэнд хариуцлагатай уул уурхай бий болдог, хөгждөг ажээ. Энэ бол бусдын явж ирсэн жишээ.

Гэтэл өнөөдөр бидэнд байгаа мэдээлийн эх сурвалж гэвэл

  • Орд эзэмшиж байгаа компаниудын цахим хаяг
  • Уул уурхайн яам
  • Ашигт малтмалын газар
  • Сангийн яам гэх зэрэг төрийн байгууллагуудын цахим хаяг
  • Албан бус эх сурвалжтай телевиз, өдөр тутмын сонин, нийгмийн сүлжээ буюу твиттэр, фэйсбүүк, “google”-хайлт. Үүнээс өөр эх сурвалж байхгүй. 

Орон нутаг дахь уул уурхайн салбарын ил тод нээлттэй байдал

Тэгвэл уул уурхайн үйлдвэрлэл явагдаж буй орон нутгийн иргэдэд эрдэс баялгийн салбарын тухай мэдээлэл хэрхэн хүрдэг, нөхцөл байдал ямар байгааг Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын ажлын албаныхан судалж, орон нутгаар ажиллаад иржээ. Өнгөрсөн тав, ес, арав, арваннэгдүгээр саруудад нийт есөн аймгийн есөн суманд Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын өдөрлөгийн зохион байгуулж, тус бүр дээр тайлан боловсруулжээ. Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай, Баянхонгор аймгийн Галуут, Хэнтий аймгийн Норовлин, Дорнод аймгийн Баяндун зэрэг голдуу алт олборлодог сумдад ажилласан байна. Мөн Дундговь аймгийн Баянжаргалан, Дорноговь аймгийн Даланжаргалан, Дархан-уул аймгийн Шарын гол зэрэг жонш, нүүрс олборлодог сумдад ажилласан байна. Улаанбаатар хотоос төрийн байгууллагыг төлөөлж Ашигт  малтмалын газар, Татварын ерөнхий газар, хувийн хэвшлийг төлөөлж Уул уурхайн үндэсний ассоциац, Алт үйлдвэрлэгчдийн холбоо, иргэдийг төлөөлж Төлсөн авснаа нийтэл эвсэл, Монголын байгаль орчны иргэний зөвлөл хамтран ажиллаж сумуудаар томилолтоор ажиллаж иргэдэд сургалт зохион байгуулсан байна.  Ингэхдээ тухайн суманд тэдэн тусгай зөвшөөрөл эзэмшигч байна, тэдэн төгрөгийн татварыг улсын болон орон нутгийн төсөвт төлж байгаа, ил тод байхын ач холбогдол, иргэдийн оролцоо ба ач холбогдолтой зэрэг сэдвээр иргэдэд мэдээлэл өгсөн байна. Мөн орон нутгийн иргэдэд зориулж тухайн сумын сүүлийн гурван жилийн мэдээг ном, эмхэтгэл болгож хэвлүүлээд, тараасан аж. Иргэдэд илтгэл тавьсны дараа тухайн сумын Засаг дарга компаниудаас хүлээн авсан татвар, төлбөр, хандив дэмжлэг, тэдгээрийг юунд зарцуулснаа иргэдийнхээ өмнө тайлагнажээ.

Иргэдийн 93 хувь эрдэс баялгийн салбарын мэдээллийг зайлшгүй авах шаардлагатай гэж үзжээ

Илтгэл дууссаны дараа иргэдэд асуулт хариултын цаг буюу хэлэлцүүлгийг эхлүүлсэн юм байна. Гэхдээ  нутгийн иргэд юу асуухаа мэдэхгүй байгаа нь ажлын хэсгийнхэнд ажиглагдаж байжээ. Идэвхтэй асуулт асууж, хариуцлага нэхэх иргэн цөөхөн байсан байна. Хэлэлцүүлгийн үеэр таван сумын 123 иргэдээс уул уурхайн салбарын тухай ямар мэдээллийг хаанаас олж авч байгааг, тэдэнд ер нь уул уурхайн салбар хэр нээлттэй байгаа талаар судалгаа авсан ажээ. Ингээд судалгааны дүн танилцуулъя.

-Таньд эрдэс баялгийн салбарын тухай мэдээлэл олж авах хэрэгцээ байна уу?

Энэ  асуултад судалгаанд оролцогчдын 93 хувь нь эрдэс, баялгийн салбарын тухай мэдээлэл авах зайлшгүй хэрэгцээтэй байдаг гэж хариулсан байна. Учир шалтааныг тайлбарлахдаа, гуравны хоёр нь хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэхийн тулд хяналт тавих зорилгоор, дөрөвний нэг нь ерөнхийд нь ажиглахад гэж хариулсан байв. Харин судалгаанд оролцогчдын 7 хувь нь мэдээлэл авах хэрэгцээгүй гэж үзсэн бөгөөд олонхи нь мэдээлэл олж авахад хүндрэлтэй байдаг, олж авсан ч ойлгоход төвөгтэй, нарийн мэргэжлийн эсхүл ажил хэрэг болдоггүй, үр дүнгүй тул сонирхдоггүй гэж хариулсан байв.

Дүгнэлт: Асуултын хариулт нь уул уурхай, эрдэс баялгийн салбарыг тойрсон хариуцлагагүй байдал орон нутагт гарсаар байгаа эсхүл буурахгүй байгаа тул иргэд хариуцлагатай байлгахын тулд хяналт тавих зорилгоор аливаа мэдээллийг олж авах нь чухал үнэ цэнэтэй гэж үзэх боловч тэдэнд мэдээлэл түгээх тогтолцоо, арга хэлбэр нь боловсронгуй бус, оновчгүй байгааг илтгэж байлаа.

-Орон нутгийн иргэд уул уурхайн салбарын талаар гол төлөв ямар  мэдээллийг хаанаас авч байгаа вэ?

-Судалгаанд оролцогчдын 23 хувь уул уурхайн мэдээллээс байгаль орчны нөхөн сэргээлтийн талаар мэдээллийг сонирхдог бол 17 хувь уул уурхайг түшиглэсэн ажлын байрны тухай мэдээлэл,  16 хувь уул уурхайн компаниудын сум, орон нутагт өгч буй хандив, дэмжлэгийн тухай мэдээллийг сонирхдог гэж хариулжээ. Харин энэхүү сонирхсон мэдээллээ хаанаас олж авдаг талаараа 35 хувь нь телевизээс, 28 хувь нь багийн хурал, уулзалтаас, 16 хувь нь танил, хөрш, найз нөхдөөсөө авч байна гэжээ. 

Дүгнэлт: Иргэд олонхи нь уул уурхай эрдэс баялгийн талаархи мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллага эсхүл танил, хөршөөсөө хүлээн авч байгаа нь сэтгүүлчид ямар мэдээлэл бэлтгэхээс эсхүл танил нь юу гэж мэдээлэхээс шууд хамааралтай байна гэж дүгнэхэд хүргэж байгаа юм. Түүнчлэн байгаль орчин, хандив, дэмжлэг, ажлын байр гэсэн мэдээллээр л хангагдаж байгаа  нь тухайн суманд уул уурхайн үйлдвэрлэл хөгжөөд улсад ямар хувь нэмэр оруулж байгааг мэдэхгүй өнгөрөх, уул уурхайг дан сөрөг утгаар дүгнэхэд нөлөөлөх магадлал өндөр харагдлаа. 

Цаашид уул уурхайн салбарын талаар ямар мэдээллийг хаанаас авахыг хүсч байгаа вэ?

  • Нэн тэргүүнд тухайн сум орон нутагт уул уурхайн үйлдвэрлэл явагдснаар тухайн суманд юу үлдэх вэ? Ямар бүтээн байгуулалт хийж, дэмжлэг үзүүлж байна вэ?
  • Байгаль орчны нөхөн сэргээлтийг зохих төвшинд хийж байна уу?
  • Хэдэн ажлын байр бий болгож байгаа болон орон нутгаас хэчнээн хүнийг ажиллуулж байна уу?
  • Төр засаг, нутгийн удирдлагуудтай ямар гэрээг, ямар нөхцөлөөр байгуулж байгаа. Тэр нь сумын хөгжилд өгөөж бий болгох юм уу?
  • Хэдэн төгрөгийн татвар, төлбөр төлж байна вэ?
  • Хэр их нөөцтэй, хэзээ нөөц нь дуусах юм бол? гэсэн мэдээллийг авах нь чухал гэж үзжээ.

Ингэхдээ  эдгээр чиглэлийн мэдээллийг илүү албаны хүмүүсээс буюу 24 хувь нь төр, компани, иргэн гэсэн гурван талын оролцоотой ил тод байдлын, нээлттэй өдөрлөгөөс, хувь нь компаниудын нээлттэй хаалганы өдөрлөгөөс, 17 хувь нь багийн уулзалт, хурлаас, 16% нь телевизээс гэж хариулсан байна. 

Дүгнэлт: Энэ нь иргэд илүү албаны хүмүүсээс үнэн бодитой мэдээллийг авах хүсэлтэй байгаа буюу амьд харилцааг чухалчлан үзэж, уул уурхай үйлдвэрлэл явагдаж буй тухайн аймаг, сум  хөгжиж байна уу, үгүй юү гэдгийг илүү тодорхой мэдэхийг хүсч байгаа нь харагдаж байв. Мөн тухайн суманд үйл ажиллагаа явуулж буй компани олборлолтын үйл ажиллагаагаа зогсоож, хаагаад явахад юу үлдэх вэ гэдэг хариулт авахыг чухалчилж байлаа. Хариуцлагатай уул уурхай хөгжүүлэх хүсэл байгааг илтгэж байна. 

Орон нутагт нөхцөл байдлыг дүгнэхэд ийм байв. Орон нутгийн иргэдэд уул уурхайн салбарын талаар нарийн дэлгэрэнгүй мэдээлэл авах хэрэгцээ маш их байна. Учир нь, тэдний амьдралд нөлөөлөх хүчин зүйл уул уурхайн, эрдэс баялгийн салбар, тухайн орон нутагт буй орд газар болоод байгаа. Иргэд мэдээлэл олж авъя гэсэн ч тэдэнд цогц мэдээллийг тогтмол түгээх тогтолцоо бүрэлдээгүй, жигдрээгүй байна гэж ажлын албанынхан үзсэн байна. Орон нутагт ил тод байдлын өдөрлөг зохион байгуулсан шиг Улаанбаатар хотоос албаны хүмүүс байнга очиж мэдээлэл өгөх бололцоо, хүчин чадал дутмаг учраас энэ чиглэлээр иргэдэд мэдээлэл өгөх тусгайлан бэлтгэсэн нэг бүтэц байх зайлшгүй шаардлага тулгарч байна гэдгийг ч ажлын албаныхан онцолж байгаа юм. Тиймээс ч сумын түвшинд Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын салбар зөвлөл, аймгийн түвшинд дэд зөвлөлийг төр, компани, иргэний тэгш оролцоотойгоор байгуулахыг 2012 оны Засгийн газрын 222 дугаар тогтоолоор бүх аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосон байдаг байна. Одоогийн байдлаар 19 аймаг, нийслэлд дэд зөвлөл, Шарын гол, Галуут, Заамар, Ханбогд, Цогтцэций сумдад салбар зөвлөл байгуулагдаад байгаа ажээ. Гэхдээ эдгээр дэд, салбар зөвлөлийг аймаг, сумын төвшинд тасралтгүй, тууштай, үр дүнтэй ажиллуулахад нэн тэргүүнд нутгийн удирдлага, компани, иргэдийн нягт хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, мэдээлэлтэй, мэдлэгтэй нутгийн уугуул иргэдийн идэвхтэй оролцоо хамгийн чухал байгаа юм байна. Иргэдэд шаардлагатай байгаа уул уурхайн салбарын тухай цогц мэдээллийг сумын төвшинд бэлтгэн нийтлэх чадавхи бүхий төрийн албан хаагч, компаниудын идэвхтэй оролцоо, дэмжлэг ус, агаар мэт хэрэгтэй байгаа юм байна.

Зөвлөл байгуулан ажиллуулахын ач холбогдол нь наанадаж нутгийн удирдлага, компани, иргэдийн харилцан ойлголцол, хамтын ажиллагааг дээшлүүлж, иргэддээ тогтмол мэдээлэх бүтэц бий болгож, цаашлаад эрдсийн баялгаас олж буй орлого, зарцуулалтыг иргэдэд ил тод болгосноор түүнийг нийтийн сайн сайхны төлөө зөв захиран зарцуулахад нь оролцогч талуудын хариуцлагыг өндөржүүлэх ач холбогдолтой юм байна. Мөн шийдвэр гаргах процесс болгонд иргэд санал бодлоо илэрхийлэх, дуу хоолойгоо хүргэх бололцоог олгох, сайн засаглалыг бэхжүүлэх, эрдэс баялгийн салбарын эдийн засаг нийгмийг үр өгөөжийг дээшлүүлэхэд нөлөөлөх чухал хөшүүрэг болох юм.

Сэтгэгдэл бичих

By submitting this form, you accept the Mollom privacy policy.

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг-14200, ЕС А.Амарын гудамж, Туушин ХХК-ийн байр, 314 тоот өрөө

Утас: +976-11-70110525

Факс: +976-70110155

Цахим шуудан: eiti.secretariat.mn@gmail.com, eiti.communication@gmail.com