Сэтгэгдэл бичих

Уул уурхайн салбарын мэдээлэл Ерөө сумынханд нээлттэй юу?

Байгалийн баялгаас олж буй орлогыг олон нийтэд ил тод болгосноор түүнийг нийтийн сайн сайхны төлөө зөв захиран зарцуулахад нь оролцогч талуудын хариуцлагыг өндөржүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэх зорилготой Олборлох Үйлдвэрлэлийн Ил Тод Байдлын Санаачилга багийнхан 8-р сарын эхээр Ерөө суманд ажиллав. Тус сумын Хандгайт багт болсон өдөрлөгийн үеэр төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн тэгш оролцоо бүхий дэлхий нийтийн түншлэл болох төслийн талаар танилцуулж, мэдээллийг ил тод байлгаснаар орон нутагт ямар хэрэгтэй ашигтай болох талаар ойлголт өгсөн байна.

Ерөөчүүд уул уурхайн салбарын талаар дундыг баримталсан байр суурьтай аж. Компаниудын аймаг орон нутагт, ялангуяа суманд оруулсан хөрөнгө оруулалт, татвар, хандив дэмжлэг, ажлын байрны талаар гойд сонирхож, асууж байсан. Бодит мэдээллийг нэгдсэн байдлаар авах нь иргэдийг өөрсдийг нь мэдлэгжүүлж, улмаар төр болон уул уурхайн компаниудаас хариуцлагатай байдлыг шаардах, хяналт тавих хэмжээний хүчтэй болгодогтой санал нийлж байв. Түүнчлэн дараалсан сонгуулийн сурталчилгаа, хөдөөгүүр зохион байгуулалттайгаар явцгаах шашны байгууллагын ухуулга зэргээс иргэд үнэхээр залхжээ. Асуудлыг ухаж, аргыг олж хамтран ажиллах гарц хэлэхийн оронд төр засаг угаасаа дүлий гэх үзэлтэнгүүд ч цөөнгүй тааралдсан байна.

Ерөө нутгийнхаа байгаль орчинг хамгаалах, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд сумын удирдлага, компанид, иргэдийн төлөөллөөс бүрдсэн, идэвхтэй ажиллагаа бүхий Дэд зөвлөл маш чухал үүрэгтэйг тус сумын 2-р багийн иргэн, ИТХ-ын төлөөлөгч Б.Нямхүү онцолж байв. Тэрээр “ОҮИТБС нь улс болон аймгийн хэмжээнд хэрэгжиж ирснийг бид мэднэ. Одоо сум руу чиглэн ажиллаж эхэлсэн нь сайшаалтай хэрэг. Манай нутагт үйл ажиллагаа явуулж буй компаниудын бодит мэдээлэл хомс байдаг. Иргэдэд тэдгээр мэдээлэл нээлттэй болсноор аль аль талдаа хариуцлагатай болох юм. Ялангуяа Зөвлөл байх нь их зөв. Нарийн ширийн асуудлаа Дэд зөвлөлөөрөө ярилцах нь суманд үүсээд байгаа талуудын үл ойлголцлыг арилгах ач холбогдолтой гэж бодож байна” гэв.

Уул уурхайн компаниудын зүгээс Засгийн газарт тайлагнасан үзүүлэлтийг энгийн ойлгомжтой байдлаар авах боломжийг ОҮИТБС-ын зүгээс олгож, Ерөө сумын төвд “Ардын элч” ТББ-ын байранд Мэдээллийн төв ажиллуулахаар болжээ.

By submitting this form, you accept the Mollom privacy policy.

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг-14200, ЕС А.Амарын гудамж, Туушин ХХК-ийн байр, 314 тоот өрөө

Утас: +976-11-70110525

Факс: +976-70110155

Цахим шуудан: eiti.secretariat.mn@gmail.com, eiti.communication@gmail.com