Монголын “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга”-ын Ажлын хэсгийн 40 дүгээр хуралдаан

Монголын ОҮИТБС-ын Ажлын хэсгийн 40 дугаар буюу 2016 оны анхдугаар хуралдаан  4 дүгээр сарын 22-ны өдөр 11,00 цагт Уул уурхайн яамны 2 дугаар давхарын хурлын танхимд зохион байгуулагдсан болно.  Ажлын хэсгийн хуралдааныг Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Др.М.Баянмөнх удирдав. Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх, ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, Ажлын хэсгийн ахлагч Б.Батбаяр хуралд оролцож, гишүүдтэй санал бодлоо хуваалцав. Хуралдааны хөтөлбөр болон тэмдэглэлийг хавсаргав.  

Ажлын албаны зохицуулагч Ш.Цолмон Перу улсын нийслэл Лима хотноо 2 дугаар сард зохиогдсон ОҮИТБС-ын олон улсын бага хуралд оролцсон дүн болон шинэчилсэн стандартад оруулсан өөрчлөлтийг танилцуулав. Монгол Улсын Уул уурхайн сайд Р.Жигжид тэргүүтэй Монголын Улсын төлөөлөгчид энэ хуралд идэвхтэй оролцож, Монгол Улс ОҮИТБС-ын цахим тайлагналыг амжилттай хэрэгжүүлж байгааг үнэлж, Даргын нэрэмжит шагналыг хүлэээн авсан байна. Монгол Улсын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Засгийн газрын төлөөллөөс Уул уурхайн яамны СБТГ-ын ЭЗХОХ-ийн дарга Н.Энхбаяр, Компанийн төлөөллөөс Монголын Уул уурхайн ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа, Иргэний нийгмийн төлөөллөөс Нээлттэй Нийгэм Форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Эрдэнэчимэг, “Хүний эрх хөгжлийн төв”-ийн тэргүүн Г.Уранцоож,  Транспэрэнси Интернэшнл Монгол ТТБ – ийн менежер Э.Мөнхжаргал, Ажлын албанаас зохицуулагч Ш.Цолмон нар оролцсон ажээ. Хурлын үеэр ОҮИТБС-ын Удирдах хорооны сонгууль зохиогдож, хэрэгжүүлэгч орнуудын төлөөллийн гишүүнээр Уул уурхайн яамны СБТГ-ын ЭЗХОХ-ийн дарга Н.Энхбаяр сонгодсон байна. Удирдах Хороо нь бага хурлын хороонд Санаачилгын удирдлагыг хэрэгжүүлдэг  бүтэц болой.

ОҮИТБС- ын олон улсын шинэчилсэн стандартын хүрээнд ашиг хүртэгч эздийг ил тод болгох тухай Ажлын дэд хэсэг байгуулж, Засгийн газар, компани, иргэний нийгмийн төлөөлөл бүхий бүрэлдэхүүнийг уг хурлаар батлав. 

Монголын ОҮИТБС-ын Ажлын хэсгийн 40-р хуралдааны хөтөлбөр

Монголын ОҮИТБС-ын Ажлын хэсгийн 40-р хуралдааны тэмдэглэл

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг-14200, ЕС А.Амарын гудамж, Туушин ХХК-ийн байр, 314 тоот өрөө

Утас: +976-11-70110525

Факс: +976-70110155

Цахим шуудан: eiti.secretariat.mn@gmail.com, eiti.communication@gmail.com