|
2011 оны 12-р сарын 15, Улаанбаатар хот, Төрийн ордон—Өнөөдөр Монгол улсын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга /ОҮИТБС/-ын 2009 оны аудитын нэгдсэн тайланг танилцууллаа.
Энэхүү дөрөвдөх удаагийн тайланг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Харт Нойрс Лтд компани болон Монгол улсын Улаанбаатар аудит корпораци ХХК-ийн хамтарсан консерциум хийж гүйцэтгэсэн байна.
2006 оны нэгтгэл тайланд 25, 2007 оны тайланд 38, 2008 оны тайланд 46 компани оролцож байсан бол 2009 оны тайланд олборлох үйлдвэрлэл эрхэлдэг 363 аж ахуйн нэгжээс 50 сая болон түүнээс дээш төгрөг улс болон орон нутгийн төсөвт төлсөн 101 компани хамрагджээ. Мөн тайланд төр, засгийн 23 яам, агентлаг, 26 төсвийн байгууллага, 20 аймаг, нийслэлийн 6 дүүрэг, 120 сумын ЗДТГ-ууд хамрагдсан аж.
Тайланг танилцуулах хэвлэлийн бага хурал дээр Ерөнхий сайдын ахлах зөвлөх, ОҮИТБС-ын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Долгор хэлэхдээ тайланд нэгтгэгдсэн татвар, төлбөр, хураамж, хандивын нийт хэмжээ 737.8 тэрбум төгрөг болсон. Аудиторын байгууллагын нотлосон, шийдвэрлэгдээгүй зөрүү нь 58.1 сая орчим төгрөг болсон нь 2008 оны тайлангийн 425 гаруй сая төгрөгийн зөрүүтэй харьцуулахад, хамаагүй бага байна. Зөрүү үүссэн шалтгааныг холбогдох байгууллагууд судалж байгаа гэж онцлон дурдав.
Түүнчлэн, Монгол Улсад Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг хэрэгжүүлэх 2011 оны 12 дугаар сараас 2013 оны төлөвлөгөө, ОҮИТБС-ын 2010 оны тайлан гаргах үйл явцын талаар мэдээлэл хүргэсэн байна.
Хэвлэлийн бага хуралд Засгийн газрын ахлах референт, ОҮИТБС –ын ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Э.Сумьяа, “Улаанбаатар аудит корпораци” ХХК-ийн ерөнхий захирал Б.Осоргарав, “Улаанбаатар аудит корпораци” ХХК-ийн ахлах аудитор Н.Эрдэнэцог, “Улаанбаатар аудит корпораци” ХХК-ийн ахлах аудитор Б. Мэндбаяр, Нээлттэй нийгэм форумын уул уурхайн менежер, ОҮИТБС-ын үндэсний зөвлөлийн гишүүн Н.Дорждарь, Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал, ОҮИТБС-ын ажлын хэсгийн гишүүн Н.Алгаа, ОҮИТБС-ын ажлын албаны зохицуулагч Ш.Цолмон, харилцаа, мэдээллийн мэргэжилтэн С.Батбаяр нар оролцлоо.
Мөн Өдрийн сонин, Ардын эрх, Ардчилал, news.mn, Улаанбаатар таймс, МОНЦАМЭ агентлаг, МҮОНТ, Монголын радио, Ийгл телевиз, 25-р суваг телевиз, Монгол Телевиз, Сансар, UBS, NBS телевиз зэрэг хэвлэл, мэдээллийн байгууллагын 20 гаруй сэтгүүлчид оролцов.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Монгол улс, Улаанбаатар хот,
210620а, Туушин Компаний
төв байр, Өрөө-306
Утас: +976-11-70110525
Факс:+976-11-70110155
И-мэйл: eiti.secretariat.mn@gmail.com, Вэб сайт: http://www.eitimongolia.mn
|